Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна” хэмээн мэдэгдсэн.
Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар байгуулсан байна. НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр өчигдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэжээ.
Энэ тухай НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хотын дарга Х.Нямбаатар хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалтыг зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэв.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс