Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор хүчээр чөлөөлөх үүрэг өгчээ. Тодруулбал, ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих ажилд “Эрэл” компани 800 метр газар чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан ч чөлөөлөхгүй жил гаруй болж байгаа аж.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар:
-“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын ард түмний бүх боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар, Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын үнэтэй, өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. Өвөрхангай аймгийн Уянга сумын бүх газрыг Эрдэнэбат сүйтгэсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан.
Тэр хүн Монголын хамаг л шим шүлтийг хүртчихээд, шүүхийн шийдвэр гарсан байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой" гэв.