Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ялалтын ойн баярыг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ирэх сарын 12-ны өдөр нээхээр төлөвлөж байна гэж Цэргийн штабаас мэдээлэв.
Нээлтийн үеэр Дорнод аймгийн Халхгол суман дахь “Ялалт” музей үзмэрүүдээ дэлгэхээр төлөвлөж байна. Мөн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүд байгууллагаа сурталчлан, урлаг соёлын болон цэрэг спортын “Дөл” тоглолт болох юм.
Түүхт 85 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын багуудыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Тодруулбал, “Сэлэнгэ 2024” ОХУ-тай хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулах ажлын баг бэлтгэлээ хангаж байна.