Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд Хайлааст орчимд суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай хүүхэд амиа алдаж, таван хүүхэд, нэг том хүн бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Гэмтсэн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад,
-"2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэж, гэмтсэн нэг том хүн, таван хүүхэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн яаралтай тусламжийн тасгаас үйлчилгээ авсан.
Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт, хоёр хүүхэд Хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна" гэв.
Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осолд өртсөн иргэдийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч томилжээ.