“Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас "Петрочайна Дачин Тамсаг" компани, газрын тостой холбоотой асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа “Монгол ньюс”-ийн хурлын танхимд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ТББ-ын тэргүүн Г.Адилбиш:
-"Манай улс 1993 онд бүтээгдэхүүн хуваах Засгийн газрын гэрээ гэгчийг үзэглэсэн байдаг. Тухайн үед дэлхийд газрын тос олборлогч 32 дахь орон болж, дэлхий нийтэд данслагдсан.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Тамсагийн талд "Петрочайна Дачин Тамсаг" компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч 2021 оноос хойш химийн аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд нэвтрүүлсэн, газрын тосыг хууль бусаар ашигласан, олборлосон гэх үндэслэл бүхий эрүүгийн гурван хэрэгт шалгагдаж байгаа. Гэвч хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй байна.
Хуулийн этгээдэд бус иргэнд зорчих эрхийг хязгаарлах төдийхнөөр арга хэмжээ аваад өнгөрчих вий гэж санаа зовж байна. Иймд олон нийтийн сонсгол зохион байгуулах талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.
Сонсголд Засгийн газрын тэргүүнийг дуудаж, УИХ-ын байнгын хорооны тогтоолын биелэлт, бүтээгдэхүүн авах гэрээний өөрчлөлт Монгол Улсад ашигтай эсэх, татварын өртэй болсон тус компанийн үйл ажиллагааг зогсоох эсэх зэрэг асуудлыг ярихыг шаардаж байна.
Энэ долоо хоногоос Тамсагийн талд хугацаагүй жагсаал, цуглаан зохион байгуулахыг албан ёсоор мэдэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа юм" гэв.