x

Д.Наранбаатар: Сарын дотор шийдэх юмыг найман сар уяснаас $3.6 саяын үнэтэй эм устгалаа

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны үйл ажиллагааны доголдол, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Ж.Ганбатын хариуцлагагүй үйлдлээс болж, 450 гаруй хүний элэг бүтэн болох боломж хаагдаж, 3.6 сая ам.долларын үнэтэй АНУ-аас ирсэн "AbbVie" брэндийн эм устгалд орсон асуудлаар “Оном” сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Д.Наранбаатар: 

-"2012 онд "Оном" сангийн зүгээс "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 оны хооронд 1.1 сая хүн эрт илрүүлэгт хамрагдсан юм. Ингээд 192,000 хүн элэгний C вирустэй болох нь тогтоогдож үүнээс 60,000 орчим нь эдгэрсэн. Гэхдээ архаг вирусийн халдвартай 150,000 орчим хүн бий.. Эдгээрийн 90,000 гаруй нь огт эмчилгээ хийлгээгүй. 

Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 95 хувь нь бүрэн эдгэрсэн бол үлдсэн 5%-ынх нь вирус мутацад ороод эмд тэсвэртэй болсон. Ийм хүмүүст нэн шаардлагатай эмийг "Оном" сангийн зүгээс АНУ-ын "AbbVie" гэж компанид хүсэлт тавиад 450 орчим хүнд 950 хайрцаг эмийг төлбөргүйгээр оруулахаар хэлэлцсэн. Энэ эм маш үнэтэй. Ойролцоогоор 3.6 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн. Харамсалтай нь арчаагүй төрийн хар гайгаар өнгөрсөн Баасан гарагт устгалд орсон.

Устгалд оруулахад 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж, бичлэг, баримт хийсэн. Эмийг устгахдаа анхаарал тавьдаг шигээ ЭМЯ ажлаа хийдэг байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа.

Манай байгууллага энэ эмийг оруулж ирэх гэж бүтэн жил хөөцөлдлөө. Өнгөрсөн оны хоёрдугаар сард анх эм авах хүсэлтээ АНУ-ын компанид тавьсан юм. Ингээд орж ирэхдээ бүтэн жилийн хугацаанд хэрэглэж болох хугацаатай ирсэн. 

Гаднын эмийн байгууллагууд бол ашгийн төлөө ажилладаг. Нэг эмийг таван жилийн баталгаатай үйлдвэрлэдэг. Ингээд хугацаа нь дуусах дөхсөн үлдэгдэл эмээ зарагдахгүй бол бусад улсад хандивладаг. Ийм л үйл явцаар эмийн хандив орж ирдэг. Хэдийгээр хугацаа нь дуусах дөхсөн ч амжаад хэрэглэвэл үр дүнгээ өгдөг. Гэтэл манай улс ганц журам батлах гэж гурван жил болж буйн хар гайгаар өнөөдөр энэ эм устгалд орж байна. 

Уг нь чадварлаг мэргэжилтэн байвал гурав хоногт л журмаа батлаад тэр дор нь шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх бүрэн боломж байсан. Энэ журамд гурван жилийн хугацаатай, Монголд зориулж үйлдвэрлэгдсэн эмийг оруулж ирнэ гэсэн заалтууд бий. Үүнийгээ шинэчлээгүй тул хуулийнхаа хүрээнд гаалиар нэвтрүүлэх боломжгүй. Үүнээс болж хамгийн чанартай компанийн үнэтэй эмийг устгаад сууж байна. 

Уг эмийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрсөн, олон сая хүн хэрэглэж, үр дүн нь тодорхой болсон. Манайд эмчилгээнд орох бүрэн боломж байлаа. Эм эмнэлгийн хэрэгслийг хянах зохицуулах газрын дарга н.Энхтуяа гэж С.Чинзориг сайдын нутгийн хүн байдаг. Энэ хүн ажлаа хийж мэдэхгүйгээс болоод маш их хугацаа алдсан. Ганцхан сарын дотор шийдчих боломжтой юмыг найман сар уясан. Хэрвээ энэ хүн ажлаа хийгээд богино хугацаанд журмаа шинэчилсэн бол өдийд 450 хүн эмчилгээнд хамрагдах байв.

Журам нь батлагдаагүй ч бид Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад хүсэлт тавьсан боловч боломжгүй гэдэг хариулт авсан.

Манайд элэгний хорт хавдраар гэхэд өдөрт дунджаар таван хүн нас бардаг. Гэтэл зөвхөн Д вирусийн эмийг л татвараас чөлөөлнө гээд салбарын сайд нь зарлаад байдаг. Бусад төрлийн эмийг ч гэсэн гаалийн татвараас чөлөөлөх ёстой. 

Эмийн сонсгол хийнэ гэж яриад байгаа. Шулуухан хэлэхэд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн сонгуулийн шоу. Дөрвөн жил зүв зүгээр сууж байснаа сонгуулиас хоёр сарын өмнө гэнэтхэн эмийн сонсгол хийнэ гэдэг. Асуудал хаана нь байгааг бүгд сайн гадарлаж буй. Эм их үнэтэй байна гээд компаниудыг чичлээд сууж байна. Үнэндээ эмийн худалдааны өртөг 35% байдаг. Эмийн сан байгуулна, эм хадгалах агуулах ийм байх ёстой, эм зүйчтэй байна гэх мэтээр баахан хууль дүрэм яриад нэг эм үйлдвэрлэх өртөг шууд 35 хувиар өсдөг. Үүн дээр гаалийн 15.5% нэмэгдэнэ. Тухайн эмийн компани ашгаа бодно гэх мэтээр явсаар худалдаанд гарахдаа их үнэтэй болохоос өөр аргагүйд хүрнэ.

Манай "Оном" сан эм хийдэггүй. Харин хандиваар шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирж, хүмүүст үнэгүй эмчилгээ хийх боломжтой. Саяхан салбарын сайд С.Чинзориг Буриад руу хүмүүс явуулж эмчилгээ Д вирусийн эмчилгээ хийнэ гэж мэдэгдсэн. Энэ нь ОХУ-ын иргэдэд зориулсан эм болохоос биш монголчуудад зориулсан зүйл биш.

Хувь хүн өөрөө сонголтоо хийгээд эмчилгээ хийлгэж болно. Харин Төрийн зүгээс ивээн тэтгээд нийгмийн даатгалаас мөнгийг нь гаргавал олон улсын гэрээ зөрчсөн гэж үзэх бүрэн боломжтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top