“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсгол нь эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ. Гурван өдөр үргэлжлэх сонсголд нийт 127 гэрчийг дууджээ.
Өнөөдрийн сонсголд шинжээчийн танилцуулснаар 2020 оноос эмийн үйлдвэр буурсан бол эм ханган нийлүүлэгч байгууллага өссөн байна. Тухайлбал, эм ханган нийлүүлэгч байгууллага 2022 онд 298 байсан бол 2023 онд 453 болж нэмэгдсэн байна. Харин эмийн үйлдвэр 39 болж буурчээ. Эмийн сангийн тоо өсч 2023 онд 2857 болж өссөн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1000 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа бол орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа статистик гарчээ. Нийт бүртгэлтэй эм 4213 бөгөөд 21 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн бол 79 хувь нь импортоор орж иржээ. Дотоодын үйлдвэрийн эм нийт бүртгэлтэй эмийн 20 хувь, үнийн дүнгийн 90 хувийг эзэлдэг байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын тайлбарласнаар 2022 онд эм импортлогч нар маш их ашиг олсон тоо баримт харагдаж байгаа аж. Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “идсэн”. Энэ хэмжээний эмийг худалдан авахад 447 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг кг эмийг 16 доллараар худалдан авсан. Харин 2023 онд импортлогчид нэг кг эмийг 27 ам.долараар худалдан оруулж ирсэн. Гэхдээ импортоор орж ирсэн эмийн хэмжээ буурсан ч 468 тэрбумын борлуулалт хийсэн статистик гарсан байна. Энэ нь эм импортлогч нар асар их хэмжээний ашиг хийсэн байж болзошгүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэж буй аж. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн сонсголоор сонсохгүй, маргааш дэлгэрэнгүй хөндөж ярина гэдгийг шинжээч болоод хуралдаан даргалагч онцоллоо.
Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж байна.