Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд "Монгол Ньюс” төвд мэдээллээ.
Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ болон НОБГ-т дараах найман шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт хэрэгжиж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжлийн байгууллага болон хөндлөнгийн, үйлдвэрчний байгууллагыг оролцуулах
- Ажлын байрны хамгаалах хэрэгсэл нь олон улсын стандартыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээч оруулах
- Байгалийн гамшигт үзэгдэл, гал, үер усны голомтод ажиллаж байгаа алба хаагчдынхаа хөдөлмөр болон нийгмийн хамгаалал бодитоор хангагдаж байгаа, үгүйд анхаарах
- Авран хамгаалах чиглэлд ажиллаж буй хүний нөөц дутмаг байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн зохист түвшний харьцаа нь алдагдсан эсэхийг тодруулах
- Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд орсон шалгалт, аудитын дүгнэлтүүдтэй танилцах боломжийг олго. Улмаар санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргуулах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөний хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журам, сургалтын чанар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэгт үнэлгээ хийж, шалгах
- ОБЕГ-ыг мэргэшсэн удирдлагаар хангах
- Төрийн алба болон албан журмын салбарт ажиллаж байгаа нийт ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зэрэг шаардлагыг нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлж байна.
МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа:
-"2023 онд ажлын байран дахь үйлдвэрлэлийн 408 осол бүртгэгдсэн. Улмаар ажлын байрандаа 57 хүн нас барсан харамсалтай тохиолдол байгаа.
Осол аваар буурахгүй байна. Үүний шалтгаан бол ХАБ, эрүүл ахуйн тухайн хуулийг хангалттай хэрэгжүүлдэггүйтэй холбоотой.
Энэ он гарсаар байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй 4,484 осол аваар гарсан. Үүний 70 хувь нь объектын гал түймэр.
Гал түймрийн үед ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл туйлын дутмаг, үүнд тавих хараа хяналт байхгүй учраас амь насаа алдаж байна. Тиймээс ажлын байрны гадна болон дотоод нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэе" гэв.