Хэнтий аймгийн Батноров сумын “Цогт-Өндөр Уул” гэдэг газар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний 12:09 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Батноров сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 16:07 цагт бүрэн унтраажээ.
Харин Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг дэвсгэрт мөн өдрийн 12:18 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Жавхлант сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 14:06 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт 30 га талбай өртөж шатсан байна.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 13 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.