Ногоон автобусны хэргийн хохирлыг барагдуулах асуудлаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-"Тэнүүн-Огоо компанитай тодорхой тооны том болон дунд оврын автобус худалдаж авах гэрээ хийгдсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад асуудал гарч, зарим гэрээг цуцалсан. Гэрээний дагуу нийлүүлэгдсэн цахилгаан болон дунд оврын автобус үйлчилгээнд гарсан. Дунд оврын автобуснуудад гарсан доголдлын талаар нийлүүлсэн компани болон хуулийн байгууллагад мэдэгдсэн.
Харин дизель автобус худалдаж авахтай холбоотой гэрээг цуцалсан. Эдгээр автобус нь угсарсан байж болзошгүй байсан. Тендерийн баталгаанд тавьсан байсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийг нийтийн тээврийн зориулалтаар үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан.
Аливаа этгээд хуулийн байгууллагаар шалгагдаж байхдаа хохирлыг барагдуулах бололцоотой. Нийслэлийн зүгээс хохирлоо удаашруулахгүйгээр барагдуулах байдлаар хамтарч ажиллахаа хуулийн байгууллагад хэлээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн нэгэн этгээд тухайн хөрөнгийг үнэлэх бололцоогүй. АТГ-аас томилсон хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн байна.
Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг зарим хөрөнгө үнэлэгдээгүй байна гэсэн. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн. Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийг доголдолгүй явуулахад чухал.
Тус компани асуудалд орохоос өмнө, шалгагдаж байх хугацаанд нэг ээлжид 100-аас дээш тооны автобусыг үйлчилгээнд гаргаж байсан. Нийслэлд өдөрт 1,080 автобус үйлчилгээнд гардаг. Ажилтнууд болон автобусны гаралтаараа томоохон нөлөө үзүүлдэг байсан компани учраас эдгээр үл хөдлөх хөрөнгийг авъя гэж байгаа. Ажилтнууд нь тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болговол Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт шилжүүлж авах асуудлыг хэлэлцсэн.
Энэ удаад зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдийг хохирлын хэмжээндээ авах уу гэдгийг хуулийн байгууллагаас томилсон хөрөнгийн үнэлгээний газраас гаргасны дагуу НЗД-ын зөвлөлийн хурлаар ярилцсан. Үнэ багатай хөрөнгүүдийг авах гэсэн асуудал байхгүй.
Тэнүүн-Огоо компани нь ногоон автобуснуудыг борлуулаад нийслэлд үлдэгдэл 1.7 тэрбум гаруй төгрөгийг өгч болно. Ногоон автобуснуудыг хэрхэн борлуулах, цаашид ямар байдлаар ашиглах нь тухайн компанийн шийдэх асуудал" гэв.