Зам, тээврийн хөгжлийн яам нь 2024 онд авто замын салбар нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлэн болон шинээр эхлүүлэхээр ажиллаж байна.
Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэллээ.
Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд "Мянганы зам" анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байна.
2024 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
”Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад нийцсэн замаар ая тухтай, саадгүй зорчих боломжтой болно.
Эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны 11 дүгээр сарын 20-нд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замыг 2024 онд хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцсоны үр дүн ийнхүү ажил хэрэг болж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)