Төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч болон гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг тухайн газарт очиж ажилласан бөгөөд охины алдар хүнд, аюулгүй байдлын үүднээс аймаг, сумын нэр болон охинтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг мэдээлдээ дурьдаагүй байна.
Охины ар гэр, асран хамгаалагч нар мэдээлэл өгөхөөс татгалзсан, мөн цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх гээд бэлдэж байсан боловч цагаа тулаад больсон байна.
Энэхүү мэдээллийг баттай эх сурвалжаас авсан, мөн тухайн хэрэгт хэрэг бүртгэл нээгдэж шалгагдаж байгаа гэдгийг сэтгүүлч У.Болортуяа мэдээлэлдээ онцоллоо.
Хэргийн тухайд, охин гэрээсээ дайжсан тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоосон байна. Тодруулбал, цагдаа нарын нэг болох ахлагч цолтой залуу эхлээд охиныг гэртээ авчраад, дараа нь бусдыгаа дуудсан байна. Ингээд Э, Э, Э, Б гэсэн дэслэгч, ахлах цолтнууд нийлж хэргийг үйлдсэн бөгөөд аймгийнх нь цагдаагийн газар дотооддоо хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар хүчирхийлсэн болохыг нь илрүүлжээ.
Охинтой бичсэн чат, дуудлага гэх зэрэг олон нотлох баримтаар эл үйл явдал гэрчлэгдэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа аж.
Мөн Улаанбаатар хот дахь мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъект рүү хэргийг шилжүүлсэн ба одоогоор тусгай субъект хэргийг шалгаж байгаа юм байна. Харин охиныг хүчирхийлсэн алба хаагчид одоог хүртэл ажлаа хийсэн байдалтай байгаа аж.