x

Монгол түүхийн Аймаарк хувилбар

ХЯТАД СУДЛААЧИЙН МОНГОЛЫН ТҮҮХ

Хэдэн жилийн өмнө Америкт, үе өнгөрч амжаагүй байгаа Монголын ардчилсан хувьсгалын тухай Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, капиталистууд хүртэл гэсэн авсаархан ном хэвлэгджээ. Үүнийг мөн яаран монгол хэлээр ч хөрвүүлсэн байна, бодвол цаанаа ивээн тэтгэгчтэй биз. Орчуулагч өөрөө зурагтаар ярихдаа “Ерэн онд баахан бужигнаан болсон. Гэтэл цаанаа их нарийн учиртай, бидний ажиглаж мэдээгүй бөөн юм болсон юм байна. Түүхийн үнэн ингэж илрэв” хэмээн дүгнэсэн. Номыг өдгөө зарим нэгэн барьж аван мэдээллийн хэрэгслэлээр тодруулахдаа нэр заан бусдыгаа хужаа хувхай, эрлийз хурлийзаар дуудан, түүхийн хөдөлбөргүй нотолгоо болгон эш татна.

Номын ориг зохиогч нь Колумбын их сургуулийн багш Моррис Россаби гэгч. Хятад судлаач. Гэхдээ дундад зууны Хятадын түүхээр мэргэшсэн нэгэн. Тэрээр Хубилай хаан гэж нэг ном бичсэн. Хубилай нь дундад зууны Хятадын хаан учраас энэ асуудлыг шүүрч авсан болохоос талын монгол гэдэг нь түүний судалхуун биш аж. Урьд нь Хубилайн тухай олон монограф гарсан, Россаби нэмж шинээр ганц мөр дүгнэлт бодож олж чадаагүй юм. Хэдийгээр Россаби араб гаралтай нэгэн авч тэр үеийн араб хятадын хооронд шинээр үүссэн олон талт харилцааны тухай нэмж юу ч олж судалсангүй. Ер нь дундад зууны монголчуудын түүхийг эхлэн гуйвуулагчид нь араб, персийн түүхчид байсан юм шүү.

Монголын тухай ойлголтгүй америкчууд Хятад, Монгол хоёрыг өөрийн орны баруун зүүн хоёр эргийн дайтай ялгаж байвал их юм. Ингэхээр XII зууны хятадууд, ХХ зууны сүүлчийн монголчууд төдийлөн ялгаагүй бололтой. Адилхан л онигор нүдтэй, хавтгай нүүртэй, ойлгомжгүй хэлээр ярилцдаг. Ингээд Рассаби гуай 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал хэмээх мэдэхгүй сэдэв рүү занг нь мэдэхгүй моринд дөрөөлөх мэт зоригтой орлоо. Гол нь ийм төсөл хэрэгжүүлэх мөнгө бэлэн болсон байсан хэрэг. Мөнгөнд дургүй хэн байх билээ?

Орчин үеийн Монгол ном туурьвих гэж тэрээр өөртөө нэг их зовлон хураасангүй. Америкт зам зуур явж байсан явуулын ганц хоёр монгол элит хүнтэй уулзсанаар эх материал цуглуулах ажлаа өндөрлөжээ. Ер нь бичих нь гол байснаас нотлох, хүнд зөвөөр ойлгуулах, тэр ч бүү хэл ядахнаа өөрөө бодитой ойлгоод авчих энэ тэр нь хоёр гуравдугаар асуудал байжээ гэлтэй.Хубилайн тухай бичихэд амьд гэрчүүд түүнд тааралдаагүйтэй харьцуулахад Орчин үеийн Монгол монограф түүнээс илүүтэй хөлс хөдөлмөр, чармайлт шаардсанаараа харьцуулшгүй “хүнд”, “шинжлэх ухаанч” болсон бололтой. Үнэндээ Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан олон америкчуудтай харьцуулахад орчин үеийн байтугай ерөөсөө монголчуудын тухай Россабигийн ойлголт илүүтэй үлгэр домгийн шинжтэй.

МОНГОЛЫН ЭЛИТ АНГИЙН ТУХАЙ

1989 оны 12-р сарын 10 өдөр анхны цуглаан Улаанбаатарт болсон тухай Россабигийн таамаглал огнооны хувьд зөв таарч байгаа нь нэн олзуурхууштай. Гэхдээ энэ өдөр Россабигийн таамагласан шиг жагсаал болоогүй, цуглаан л болсон юм. Энэ хоёр ялгаатай л даа. Уг нь бүр нарийвчилбал гурав хоногийн өмнө Ховдод, нэг хоногийн өмнө Эрдэнэтэд мөн жагсаал болсон байдаг юм. Харин цуглаан Засгийн газрын ордны өмнө болж, хүүхдүүдээ хэрхэн сахилгагүйтэж буйг элит аав ээж нь албан тасалгааныхаа цонхоор харж суусан гэдэг ч арай дэгсдүүлэл байхаа. Анхны цуглаан зохион байгуулсан бүх хүмүүсийн дотор төрийн ордонд ядахнаа үйлчлэгч ажил бүхий эцэг эхтэй хүн ганц ч байгаагүй гэдгийг энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүний хувьд баттай хэлэх байна. Энэ хувьсгалыг яахаараа заавал сайд дарга нарын хүүхдүүд хийсэн гэж Россаби зүтгээд байгаа нь хачирхалтай. Гадаадад дипломат ажил хийж байсан хүнийг элит гээд байгаа шинж харагдана. Ядарсан бүдүүлэг тэнэг мунхаг монголчуудын хувьд Москвад гурван жил амьдарсан л бол элит болчихдог нийгэмтэй ажгуу. Дээр үед цэрэгт алба хаагаад ирсэн залуу сумандаа элит болчихдог шиг л юмаа даа. Хэрэв сэхээтнийг элит гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан. Арван мянган хүнд ноогдох сэхээтэн, оюутны тоогоор Монгол нь хөгжилтэй орны зэрэглэлд багтаж байв. Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтөвшин гээд дундач сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан. Тэр үед Улаанбаатарт дундач хамтлаг буй болгоход ямар бүрэлдэхүүн үүсэх байв, тийм л дундач дүр зургийн хамт олон. Хожим хоёр сарын дараа нэгэн цуглаан дээр НҮБ-д суугаа дипломатчийн хүүхэд Сүх-Эрдэнэ үг хэлсэн нь Россаби авгайн хүсээд байгаа “элит” гарлын цорын ганц аймаарк үнэн юм.

ГОРБАЧЁВЫН ТАГНУУЛУУД

Россабигийн мэтгэж буйгаар Ардчилсан хувьгалыг гардагсад нь Москва хавьд перестройкийн нууц дугуйлангаар хүмүүжсэн, юм ойлгодог гадаад хэлтэй хэдэн нөхөд байжээ. Бараг л Горбачевийн тагнуулууд байсан бололтой. Эд л төрийн ордонд ажилладаг аав ээжүүдтэйгээ нийлж урдаас төлөвлөж бодож байгаад хувьсгал хийсэн гэнэ. Нийгмийн хамгааллыг сайтар бодсон, капитализмын муу талуудыг олж илрүүлээд дүн шинжилгээ хийсний дүнд тойрон гарах аргуудыг нь тодорхойлчихсон хүмүүнлэг хувьсгалыг “нуль ухаан” болсон “элит” нар хийжээ. Тэр байтугай авилга хөгжинө гэдгийг мэдээд урьдчилан эсэргүүцэж байсан байх юм. 1917 оны большевик хувьсгалтай их төстэй байгаа биз? Гадаадад олон жил суусан, ард түмэндээ аз жаргал авч ирэхээр зориг шулуудсан мэргэжлийн элит хувьсгалчид ажилчин ангид хувьсгалын санааг халдаан хүн төрлөхтнийг мөнхийн жаргалд дуудан дагуулсан тухай Коммунист намын түүхийг цээжээрээ мэддэг хүний үг байгаа биз? Россаби бичихдээ: “Монголын сурвалжит элит давхаргын хөвгүүд охид л авторитар тогтолцоог нураахад хүргэсэн хүчирхийлэлгүй хөдөлгөөнийг санаачилсан юм. Их төлөв сэхээтний болон мэргэжилтний анги давхаргаас гаралтай шинэчлэгчид ямар ч цэргийн хүчинг удирдаагүй бөгөөд хүчирхийллийн арга хэрэглэхийг эсэргүүцэж байв. Тийнхүү өөрчлөлтийн хөдөлгөөн нийгмийн давхаргын дээд хэсэгт үүсч нийгмийн пирамидын ёроолд байгаа хүмүүсийг хөдөлгөөндөө татсаар, аажмаар өргөн олны байгууллага болж хувьсчээ. Эрх баригчид дарангуйлах арга хэмжээ аваагүй нь нэг талаар ардчилсан эсэргүүцэгчид элит давхаргад хамаарч байсантай холбоотой юм”.

БОЛЬШЕВИК НАМЫН ТҮҮХИЙН ХУУЛБАР

Ер нь энэ ном их наргиантай, элитийн хувьсгал гээч нэг юм түрүүлээд бодоод олчихсон, түүндээ тохируулж үйл явдлыг санаанаасаа зохион “баримтжуулжээ”. Бичлэг, дизайн, баримтжуулалт, дүгнэлт зэрэг нь Сталины 1938 онд хэлж өгч бичүүлсэн Большевик намын түүх-тэй гайхмаар төстэй. 

Нүүдэлчин малчны удам болсон ХХ зууны монголчууд элит давхрага үүсгэж амжаагүй өдий хүрсэн юм. Язгууртнууд нь гучаад оны хядлагад толгой дараалан өртсөн тул үнэхээр Марксын мөрөөдсөн сурвалж язгуургүй, үгэйгүүчүүдийн нэгэн анги болж чадсан магадгүй цорын ганц нийгэм ажгуу. Ардчилсан хувьсгалаас хойшхи нэгэн үеэ оруулж тооцоод сэхээтэн албан хаагч, хотын иргэний дөнгөж гурав дугаар үе рүүгээ орж байгаа нийгэм шүү дээ. Нэгнийх нь аав нь, нөгөөгийнх нь өвөө нь тал нутгаа орхин Улаанбаатарт орж ирсэн болохоор хот бараадсан хориодхон жилийн ялгаагаар хэн нь хэнийгээ элит сурвалжит болж дээрэлхэх вэ дээ? Номонд бичсэнээр Элбэгдорж хэмээх ард гаралтай хөдөөний молхи, бүдүүлэг маанаг эр Ардчилсан холбоог үүсгэсэн гадаад хэлтэй, гадаадад амьдарч байсан элит ухаантнуудын дургүй зэвүүг хүргэж хөх инээдийг нь бардаг байсан тухай өгүүлжээ. Малчин эцэгтэй Элбэгдорж хот орж ирсэн нэгдүгээр үеийн төлөөлөгч байснаараа л гадаадад амьдарч байсан ч мөн л малчин өвөөтэй хоёрдугаар үеийнхнээс хорин жилийн л ялгаатай байлаа. Түүнээс биш тэр өөрөө ч гадаадад сурсан, мөн л орос хэлтэй нэгэн. Харин тэдний хооронд нэг том ялгаа байсан юм. Номонд Ардчилсан хувьсгалыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн гэгдээд байгаа, уран зохиолын хэлээр бол “эх дүр” маягтай зохиогдсон дарга нарын хүүхдүүд үнэндээ бэртэгчид байлаа. Сайд дарга нарын хүүхдээс хэн нь ч ардчилсан хувьсгалд огтоос оролцоогүй. Бэртэгчид зөвхөн ялсан талд нь ордог юм. Хэн ялах нь мэдэгдээгүй тэр үед тэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дулаан буланд нуугдаж байсан. Ардчилал үзэл санааны хувьд ялсан өнөөдөр тэд нийгмийн бялууны аль өнгөтэй өөдтэйг нь өөрийн болгосон төдийгүй, завьжаараа гоожих тосоо ч арчих завгүй, хэрхэн Ардчилсан хувьсгалыг бодож олсон тухайгаа, сайхан санааг нь мэдэрлийн өвчтэй, архичин монголчууд хэрхэн сүйд хийн балласан тухай баруун солгойгүй гайхуулан ярьж яваа. Үнэндээ тэдний түрүүч нь бүх юм болоод дууссан 1992 оны үеэс л зориг зүрх орон АХ-ы үүдээр эргэлдэн латин үсэгтэйгээрээ гайхуулж олбогны дээгүүр гарч суух гэж оролдон, нэгэнт буй болоод олширсон намуудыг шилж сонгож эхэлсэн юм.

ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД ХУВЬСГАЛ ХИЙСЭН НЬ

Ардчилсан холбоог цэрэглэн дарах гэсэн хэсэг махчингууд байсныг мөнөөх элит аав ээжүүд сэрэмжлүүлэн Горбачевоор боль гэж хэлүүлж байсан ч юм болоод явчихлаа. Гэтэл дараа үеийнхэндээ төрийн эрх мэдлээ шилжүүлэх цаг болсон гэдгийг ойлгож үүнийг гардсан хүн нь “махчингийн толгойлогч” Батмөнх гуай өөрөө байсан юм. Ерөөс ардчилсан хувьсгал нь монголчуудын зөвшлийн үр дүн байсан. Гэтэл мань хятад судлаачийн пантааз нь бүр сагаад хятадууд цэрэг илгээж магадгүй гэж Монголын коммунист удирдагчид айгаад Ардчилсан холбооныхонд бууж өгсөн болгож зохиомжилжээ. Монголд Зөвлөлтийн 100 мянган цэрэг байрлаж байхад хятадууд цэрэглэн халдахаас өнөө “ухаант” элитүүд айж байж гэнээ! Ардчилсан холбоо өлсгөлөн зарласан явдал ч нэгэн хятад хэлтэй элит эрлийз л Тэньаньминд хятад оюутнууд хэрхсэн тухай сонссоноос үүдэн хэрэгжүүлсэн болж таарав. Россабигийн судладаг Сүн, Юань, Мингийн үед ч монголчууд хятадуудаас айж шийдвэр гаргаж байгаагүй. Айж байсан Чин династийн үе судлах хүрээнээс нь халих учир мань эр мэдэхгүй. Гэтэл Манж-Чингээс хойш дахиад 100 жил өнгөрчихөөд байна шүү дээ. 

Россаби хувьсгалын элитар онолдоо хэт хөтлөгдөөд гудамжинд ярьдаг худал цуу үгийг баримтжуулан “шинжлэх ухаанжуулжээ”. Түүний бичсэнчлэн Энхсайхан, Амаржаргал нар саяхан хөдөөнөөс шилжин нүүж ирэгсэд, Ганболдын аав хятад, Зоригийн ээжийн аав буриад малчныг зөвлөлтүүд даалгавар өгч монголчууд алсан, Бат-Үүл ерөнхий сайд Бямбасүрэн нар ойрын хамаатан зэрэг нь бүгд худлаа. Иймэрхүү яриаг Ардчилсан холбоог анхлан байгуулсан гэгдэж номонд бичигдээд байгаа бэртэгчдийн эх эцэг тухайн үедээ Дотоод яамны чекист байхдаа зохиож тарааж байсан юм. Монголын ардчилсан хувьсгалыг хятадын болон оросын элит эрлийзүүд хийсэн гэж Россаби батлахыг оролджээ. Ийм яриаг 1989 онд До яамныхан зохиож Үнэн сониноор нийтэд тарааж байсан. Одоо ч ийм яриаг нь үнэн болгон чалчиж явдаг шаарууд нэг бус. Монголын ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан юм.

КАПИТАЛИСТ НИЙГМИЙН ТУХАЙ ГҮН БАТ МЭДЛЭГ

Худал гүтгэлэг, ийм байсан болоосой хэмээн хүсэмжлэн зохиосон “факт”-аар уг ном дэндүү баян. 1988 онд “Шинэ үе” нууц дугуйлан байгуулж хотоор ухуулах хуудас нааж явсан хүмүүс нь Бат-Үүл, Цогтсайхан, Амарсанаа нар болохоос энэ явдалд Зориг ямар ч холбоогүй. Ер нь 11-р сарын 26-нд болсон Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөлгөөнөөс Ардчилсан холбоо анхны шаваа тавьсан, тэгэхэд Зориг огт байгаагүй юм. Дараа дараагийн уулзалтан дээр хэн нэг нь түүнийг дагуулж иржээ. Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулагчаар түүнийг сонгосон учир нь тэрээр Их сургуулийн коммунизмын онолын багш байсантай холбоотой болохоос Россабигийн хэлж байгаачлан хүмүүс түүнийг  “алтан шаазгай” хэмээн өргөмжлөн хүндэтгэж байсанд биш юм. Учир нь Ардчилсан холбоог анхлан байгуулагчид социализмыг улам төгөлдөржүүлэх үзэл санаан дээр нэгдэж байсан тул тэр талын онолын мэдлэгтэн чухал хэрэгтэй байжээ. Түүнээс биш Россабигийн нотлох гэж оролдоод байгаачлан зах зээл рүү шууд орох, нийгмийн хамгааллаа үлдээгээд аажмаар шилжих гэсэн үзэл суртлын хэд хэдэн фракцид хуваагдсан юм огт байгаагүй.  Ерөөсөө тэр үед бараг нэгэн зэрэг үүсч байсан шинэчлэгчдийн бүлгэм дугуйланг Россаби хооронд нь хольж бантан хутгасан төдийгүй өөрийн бодож олсон янз бүрийн “изм”, үзэл санаануудыг тааралдсаныхаа духан дээр наан “ангилал зүй” хийжээ.

Россабигийн номонд хүний санаанд оромгүй зохиомол үлгэр домог чихээстэй. Мөнөөх элит ардчилагчид одоохон хувьсгал хийе гэсэн чинь коммунист удирдагчид таван жилийн дараа хийе гэж гуйсан гэнээ. Элитүүд таван жил гэдгийг нь эсэргүүцээд дахиад жагсаал зохион байгуулж гэнэ. Магадгүй, ийм яриа Дотоод яамны чекист хурандаа, түүний гадаадад сурдаг элит оюутан хүү хоёрын хооронд гал тогооны өрөөнд нь болсон байж болох л юм. Гэхдээ тэр нь Монголын ард түмэн өөрийн хүсэл зоригоор зам мөрөө сонгосон тэрхүү түүхэн үйл явдалтай ямар хамаатай юм бэ? Оросуудыг жигшин үздэг Эрдэнэтийн ажилчид бослого гаргажээ. Тэр тухай сонсонгуутаа Ардчилсан холбоог санаачлагч элитүүд маань хулигаан төрхтэй, бүдүүлэг агсам Бат-Үүлийг тийш нь илгээсэн байх юм. Нөгөөх нь хаа очиж уран панаал сайтай учраас Эрдэнэтийн ажилчидтай хэлцэл хийж өөртөө татаж авч гэнээ.

УЛС ДАЯАР БОСЛОГО ДЭГДЭЖ ОЛОН ХҮН ҮХЭЖ, ШАРХАТЖЭЭ

1-р сарын 21-нд Лениний нас барсан өдрийг баяр болгон тэмдэглэдэг байсныг нь далимдуулж мөнөөх элитүүд улам том цуглаан бодож олж гэнэ. 2-р сарын 16-нд хүйтэн цэвдэг сэтгэлтэй увиагүй шаар Даваадоржийн Ганболд хамгийн анх Үндэсний дэвшлийн нам байгуулж төрийн бүх өмч болон үйлдвэр банкуудыг хувьчлахыг уриалж гарч гэнэ дээ. Төрийн нийгмийн халамжийг ор тас үгүйсгэгч түүнийг Ардчилсан холбоог сэдэгч элитүүд эсэргүүцсэн учир Ардчилсан холбоонд хагарал гарч эхэлсэн юм байх. Үүнээс хоёр хоногийн дараа мөнөөх бүдүүлэг хулигаан Бат-Үүл Ардчилсан нам гэдгийг байгуулж 200 сэтгүүлч хуралдаа уриадахсан чинь коммунист удирдагчид сэтгүүлчдэд зөвшөөрөл олгоогүй гэнэ. Хөөрхий Бат-Үүл том найр хийх гээд эзгүйрсэн бололтой юмаа, янз нь! Гэхдээ Ганболд яагаад халзарсан, Бат-Үүл яагаад бууралтсаныг одоохондоо зохиогч хөндөөгүй байна билээ. Удахгүй тайлбарлах биз. Шинэ толь гэгч анхны зөвшөөрөлгүй сонин гарч коммунист удирдагчид балмагдаж үхэж гэнэ. Коммунистууд монгол дээл өмсөхийг хуулиар хориглодог байж гэнээ. Гэтэл ийм хориотой хувцас өмссөн 10 эр гэнэт өөрсдийн санаачлагаар сайн дураараа Сүхбаатарын талбай дээр гарч хэвтээд өлсгөлөн зарлаад унаж гэнэ. Тэгэнгүүт нь Ардчилсан холбоо энэ өлсгөлөнг дэмжсэн төдийгүй мөнөөх элит удирдагчид нь өлсөгчдийн хавьд очоод зогсчихсон, гайхсан олон түмэнд  өлсгөлөн зөв болох тухай ухуулан таниулж эхэлжээ. 1990 оны 3-р сарын 7-ны өлсгөлөнг Ардчилсан холбоо зохион санаачлаагүй болохыг ингэж Россабигаас олж мэдлээ. Ийм учиртай байх нь л дээ!

Тэр үеийн тухай бидний мэдэхгүй, огт олж сонсоогүй олон үйл явдлыг Россаби ил болгож шинжлэх ухааны эргэлтэнд оруулснаараа энэхүү монограф нь 1990 оны ардчилсан хувьсгалаас өөрөөс нь илүү лут ач холбогдолтой болжээ.  Тухайлбал өлсгөлөн зарласныг дэмжиж Эрдэнэт, Дархан, Мөрөн болон бусад газруудад, өөрөөр хэлбэл улс даяараа ажил хаялт зарласан юм байна. Дотоод яамны тавдугаар цуваа гэж ойлгогдож байсан Гандан хийд өлсгөлөнг дэмжиж өнөөгийн Бирмийн нэгэн адил лам нараа цуглаан жагсаал руу зохион байгуулалттайгаар илгээж байж. Хөөрхий муу Дэмчигийн Моломжамц гуай өлсөгчид рүү цагдаа цэрэг оруулна гэж цамнаж байж. Тэгэхээр нь Бат-Үүлийн ах Бямбасүрэн гуайг өлсөгчид рүү явуулсан чинь харин овоо доо, хэлэлцээ хийж дөнгөсөн аж. Өлсөгчид болон жагсагчид Төрийн тэргүүн Батмөнхийн өргөө болон, Зөвлөлтийн элчин сайдын яам руу дайрсан юм байна. Жагсагчдын ихэнхийг архичид, сэтгэцийн өвчтэй хүмүүс эзэлсэн учир мөнөөх Ардчилсан холбооны элит удирдагчид хяналтаа алджээ. Ингээд аймаар юм болсон байна! Дал гаруй хүн шархтаж, бас алагдсан хүн ч бий гэнэ! Ганц цонх хагараагүй, оготны хамраас ч цус гаргаагүй хувьсгал гэж яриад байдаг маань ийнхүү шинжлэх ухааны хөдөлшгүй “баримтаар” нэгмөсөн нуга цохигдлоо!

ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ ЧАМД ЗОХИОГООД ӨГЬЕ

Тэр үеийн Ардын  их хурал, МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо зэрэг нам болон төрийн тогтолцооны тухай анхдагч ойлголт Россабид алга. Тиймээс хооронд нь хольж хутгаад өөрөө ч юун тухай өгүүлж байгаагаа ойлгоогүй бололтой. Дотор нь байгаа тоо баримт, огноо, үйл явдлын тухай наад захын баримт үзэж нягтлан өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Үнэндээ ч энэ тухай баримт хятад, араб хэлээр түүнд олдоогүйг ойлгож болох юм. Тэгээд ч ядахнаа дундад зууны хятад хэл одоогийнхоос өөр ханз хэрэглэдэг байсан л даа.

Хэдэн жилийн өмнө Польшийн нэгэн сэтгүүлчийн Монгол дахь ардчилсан хувьсгалын тухай бичсэн өгүүллийг уншиж байсан. Тэнд өгүүлэхдээ 1990 оны өвөл хэдэн польш оюутан Улаанбаатарт ирж гэнэ. Тэгээд Каспаров Плэйбой сэтгүүлд ярилцлага өгөхдөө Монголыг Хятадад худалдах тухай санаа гаргасан гэдгийг монгол оюутнуудад ярьжээ. Уур нь хүрсэн оюутнууд төв талбай дээрээ очиж өлсгөлөн зарласнаар Монголд ардчилсан хувьсгал болсон гэнэ. Польш оюутнууд тэр үед  ирээгүй болж гэм монголчууд өдий болтол Хойд Сологос шиг социализмаа байгуулсаар ухнатаад суух байж л дээ. Сайхан л хялбаршуулсан пантааз. Гэхдээ энэ бол сонин дээр нэг удаа хэвлэгдээд өнгөрсөн сэтгүүлчийн ямар ч хоргүй нэг муу өгүүлэл. Гэтэл үүнээс ч дор болхи пантааз шинжлэх ухааны арьс нөмөрч, судлалын жигүүр углаад дүүлээд гараад ирэхээр яахав?

Цаг хугацаа явсаар. Ардчилсан хувьсгал эхлээд 35 жил өнгөрчээ. Улам улам холдон түүх болох дөхөж байна. Амьд гэрчүүд дуусах үед Россабигийн аймаарк зохиомж шилээвэр түүхэн үнэн болно. Одоо ч монголчууд биенээ доош хийхийн тулд тэр номноос цээжээрээ эшилцгээж байгаа. Илүү хорлонтой нь энэ түүх Америкийн эрдэмтний бүтээл гэгдэж англи хэлээр хэвлэгдсэнд байгаа юм. Алив шинжлэх ухааны бүтээлийн үнэ цэнийг бусад бүтээлд эшлэгдсэн тоогоор нь хэмждэг. Англи хэлээр бичигдсэн бүтээл мөн адил сэдэвт франц хэлээр хэвлэгдсэн бүтээлээс 20 дахин олон эшлэгддэг гэнэ. Гэтэл франц хэлээр бол герман хэлнээс 10 дахин олон эшлэгдэх магадлалтай. Гэх мэт цааш явна. Англи хэлний бүрэн дарангуйлал ийм л юм даа. Доромжиллоо, гүтгэлээ гээд манайхан биенийгээ шүүхэд өгөн тэрбумаар нь мөнгө нэхэхдээ уг нь сүрхий л юм билээ.

1921 оны үйл явдлыг 1955 онд оросууд бидэнд тайлбарлаж өгсөн юм. ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас эрхлэн БНМАУ-ын түүх хэмээх ном хэвлүүлснээр тэр үед юу болоод өнгөрснийг хөөрхий монголчууд олж мэдэж билээ. Бидний үеийнхэн тэр түүхээр шалгалт өгч, тэр түүхийг цээжилж өссөн. Нэг л эргээд харсан бүгд худлаа байсан. Аугаа Цэцэрон нэгэнтээ өгүүлэхдээ “Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм” гэжээ.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 56 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 11 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 28 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 10 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 20 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top