Эм хүртэл тун нь хэтрэхээр хор болдог номтой...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн “Улаанбаатараас ярьж байна” нэртэй тв ярилцлага өчигдрийн соошил хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо.
"Монгол улсын Ерөнхий сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, авилгачдын тухай..." гэсэн тайлбартайгаар бүтэн өдрийн өмнөөс “триллерийг нь” цацсан нэвтрүүлгийн талаар бүрэн утгаар нь “анализ хийсэн” хүн лав өчигдөртөө гарсангүй. “С.Зоригийн аллагын хэргийн гол буруутан Ц.Элбэгдорж юм байна, гурван шатны шүүхээс ял авсан гурав бол хэлмэгдэгч байсан байна” гэх мэтээр нэвтрүүлгийн эхэнд “спойлер” хийсэн нөхөд ч төгсгөлийг нь хийсэнгүй.
Төвийн 15 телевизээр зэрэг цацаж байгаа (28-наас 31-нийг дуустал) энэ нэвтрүүлгийг дуустал үзээд байр сууриа илэрхийлсэн нь тун бага, анхнаасаа нэвтрүүлгийн “триллерт”-ийг үзээд жигшсэн, сувгаа сольсон нь олон байна. Үүнийг эрээчигч ч бас тэдний нэг. Урт амралтын өдрүүд хүлээж байгаа болохоор тулах л болох байх. Тэр цагт хэдүүлээ дахиад уулзана.
Ер нь бол ямар ч хариуцлагагүй, мэдрэмжгүй пиар баг байлаа гээд ийм тавилттай жүжгийг телевизийн 15 сувгаар угсруулан цацахыг эзэндээ санал болгохгүй. Тэгэхээр асуудал Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний тархины хэмжээст байна аа гэсэн үг. Энэ бол сүүлийн 8 жил уруудсан, уланд унасан иргэдийн амьдрал ахуй, утаа, түгжрэл, үнийн өсөлтийн өөдөөс МАН-ын даргын өгч буй "салаавч" юм. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг үгийг хэрэглэхээс ч гутмаар. Эрх мэдлийнх нь төгсгөл ирж буйг зөнгөөрөө мэдэрсэн, эрх мэдлээ авч үлдэхийн тулд яахаас ч буцахгүй болсон дарангуйлагчийн төрхийг л харууллаа.
Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн улс орны хувь заяаг залуурдаж буй Засгийн газрын тэргүүний хувиар асуудлыг харсан бол арай ч нэг ийм тавилттай жүжгийг иргэдийн тархи руу хүчээр чихэхгүй байсан байх. Телевизийн арав гаруй сувгийг эзлэн байж дотроо уудлах гэсэн юм бол ядаж тэр тооны сэтгүүлчийг урдаа суулгаж байгаад асуусан бүх асуултад хариулт өгч, няцаалт хийх ёстой байлаа. Ямар ч нөхцөлд ярилцагчаа сэтгэлд нь тултал дээш нь шидэж, налж, нялж чаддаг ярилцлагын мастерийн ховорхон чадварт дулдуйдсан нь нэг талаас увайгүй, хулчгар зан. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тэр хэрээр түгшиж, адгаж, өөртөө итгэлгүй байгаагийн л шинж юм.
Товчхондоо, Л.Оюун-Эдэнэ гэдэг хүн ямар замаар эрх мэдэлд хүрсэн, яг тэр замаараа эргээд уруудаж байна. Тэр нь С.Зоригийн аллагын хэрэг.
Энэ хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрч байна. Энэ хугацаанд гэмт хэрэгтнүүд шүүхээр орсон ганцхан тохиолдол болсон нь 2017 он. Хэргийг илрүүлсэн нь АН эрх барьж байх үе. Харин МАН эрх барьж байх бүх хугацаандаа энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгодоо ашиглаж ирсэн. Сонгуульболгоноор гаргаж зажилдаг ганц сэдэв нь. Ярьдаг хүн л солигдсоноос сэдэв нь өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хэмээх нэрсийг одоо 26 жилийн дараа ч хэлээд л сууж байна. Тэгвэл ядаж шүүхийн шийтгэх тогтоол нь хаана байна?
Гурван шатны шүүхээр ял сонссон аллагын гүйцэтгэгчдийг суллаж тавьсанаас хойш гурван жил өнгөрлөө. "Захиалагчийг ололгүйгээр гүйцэтгэгчийг ялладаггүй юм аа" гэсэн байх аа. Тэгвэл захиалагч нь одоо хаана байна? Энэ бол элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа... Монгол Улсын сүүлийн 34 жилийн түүхэнд үлдэх хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй ч хамгийн муу Ерөнхий сайд...
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)