Мах боловсруулах зарим үйлдвэрт хяналт шалгалт явцад Монголд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай мах боловсруулах үйлдвэр үхсэн малын махаар бөөрөнхий мах бэлтгэсэн, уг үйлдвэрийг хаасан. Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр нийт 49 үйлдвэрийг "өндөр эрсдэлтэй" гэж үзэж, үйл ажиллагааг нь зогсоосон, 60 тонн махыг устгалд оруулсан тухай өчигдөр мэдээллийн сайтууд мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ уг мэдээлэлд залруулга хийжээ. Ингэхдээ, "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Энэ бол албан бус, ташаа мэдээлэл. Төлөвлөгөөт бус шалгалтаар мах боловсруулах 49 үйлдвэр эрсдэл өндөртэй гарсан. Тиймээс тэдгээрийн үйл ажиллагааг зогсоосон нь үнэн. Эрүүл ахуй талаасаа хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан.
БОАЖЯ, ЭМЯ болон ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хяналт шалгалтаар зөрчил илэрсэн. Тэр зөрчил дотор үхсэн малын махаар бэлтгэсэн гэх ямар нэгэн асуудал байхгүй" гэсэн байна.
Харин энэ асуудлаар ЦЕГ-аас "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нийт 64 байгууллага нэгжийн алба хаагч, ажилтан, улсын байцаагч нар зөрчил шалгах эрхтэй байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйл гэж бий. Энэ нь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчих зөрчлүүдийг холбогдох албаны улсын байцаагч нар шалгаж, эцэслэн шийдвэрлэж, дүгнэлт гаргуулдаг хуулийн зохицуулалттай. Муудсан махтай холбоотой асуудлыг Мал эмнэлгийн газрууд хариуцаж шалган шийдвэрлэдэг хуультай" гэдэг тайлбарыг хийсэн байна.