Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
С.Чинзориг:
-"Өнгөрсөн хоёрдугаар сард Буриадын Засгийн газрын ордонд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашкотой уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан.
Энэ үеэр Монгол иргэдийг Буриадад Д вирусийн эмчилгээнд хамруулах яриа хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл Мэндийн сайд нь манай улсын эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзаж иргэдийг Д вирусийн эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан.
Үнийн хувьд сарын 160,000-170,000 рублийн үнэтэй эмчилгээг хоёр талаас ярилцаад 25,000 мянган рублиэр буулгаж 135,000 болгохоор хэлэлцээрт яригдаж байна.
Мөн АНУ-ын "Hipatitis" компанитай Д вирусийн эмчилгээний бүтээгдэхүүн авахаар цахимаар гурван удаа уулзалт хийсэн. Азийн бүсийг хариуцсан дэд захиралтай нь мөн нэг удаа уулзлаа. Европын холбооноос энэ эмийг хэрэглэхийг дэмжиж бүртгэсэн байдаг тул бид ч бас ашиглаж болох юм гэсэн дүгнэлтэд хүрч, эмчилгээнд хэрэглэхээр судалж эхэлсэн.
Европын холбоонд зарагдаж буй үнийн хувьд сарын өртөг нь 12,000 евро. Харин бид АНУ-ын эмийн үйлдвэртэй нь хэлэлцээр хийснээр дээрх үнээс найм дахин бага дүнгээр оруулж ирэхээр төлөвлөж байна. Мөн дундын зуучлагч компанигүйгээр шууд үйлдвэрээс нь оруулж ирэхээр хэлэлцээр хийж байгаагаа өнөөдөр Засгийн газарт танилцуулсан. Улмаар иргэдийн эрүүл мэндэд нэн хэрэгтэй тул дэмжлэг үзүүлж, уг ажлыг яаралтай хийхийг Засгийн газраас чиглэл өглөө.
АНУ-ын оруулж ирэх эмчилгээний зардлыг бууруулахын тулд гаалийн татвараас чөлөөлөх асуудал яригдаж буй. Мөн Байнгын хороонд энэ талаар танилцуулах юм. Д вирусээр өвчилж буй иргэдийн дийлэнх нь ахмад настнууд байдаг тул эмчилгээний зардал өндөр байх нь тэдгээр иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж магадгүй. Тиймээс татвараас чөлөөлснөөр үнийг хэт өндөр байхаас сэргийлэх магадлалтай.
Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталж өгсөн. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгасан төсвийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийг Эрүүл Мэндийн яамны мэдэлд зарцуулах боломж бий. Энэ мөнгөөр Д вирусийн эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гэхдээ бүх иргэдийг нэг дор эмчилгээнд хамруулах боломжгүй. АНУ-ын талаас нэг жилд 1,000 тариа үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой гэж байгаа бол Буриадаас 700-1000 орчим тариа нийлүүлнэ гэж байна" хэмээн мэдээллээ.