ААН, байгууллагын төлсөн шимтгэлийг НДЕГ цахим системдээ оруулж нэгтгэснийг И-Монголиа системд татаж авдаг. Ингэснээр иргэд И-Монголиа цахим платформыг ашиглан эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх гэх мэт нийгмийн бусад үйлчилгээг авдаг.
Гэтэл НДЕГ ААН, байгууллагуудын шимтгэл төлөлтийг бүртгэхгүй удсанаас иргэд дээрх боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь олон нийтийг бухимдуулаад байгаа юм.
Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг хийлээ.
Х.Булгантуяа:
-"Нийгмийн даатгалын шинэ систем дээр байгууллагууд оны эхнээс эхлэн нэгэн зэрэг тайлангаа шивж оруулж байгаа. Тиймээс ачаалал их авч гацалт үүссэн. Тэтгэмж авах хүмүүсийн олголт асуудалгүй хийгдэж байгаа. Гол нь шивж оруулахад гацалт үүсээд байна. Гацалтаас болж хугацаа нь хоцорч, листээ авч чадаагүй хүмүүсийнхийг нөхөж олгоно.
НДЕГ-ын цахим системийг хийлгэхээр 2019 онд "IT Zone" ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон. Тендерийн үнийг 970 мянган ам.доллароор шалгаруулсан. Тус компани 24 сарын турш хийх ёстой байсан боловч цар тахлын улмаас 48 сар гүйцэтгэсэн. Өнгөрсөн жил туршиж үзэхэд ачаалал бага байсан учраас гацаагүй боловч энэ жил ачаалал нэмэгдэх үед гацалт ихэссэн. Хуучин системээс шинэ рүү датагаа хоёр долоо хоногийн турш өдөр, шөнөгүй хуулсан. 1.3 сая НДШ төлөгчдийн 2006 оноос хойших мэдээлэл цахимаар хадгалагдаж байгаа. 2006 оноос өмнөх мэдээлэл цаасаар хадгалагдаж байгаа.
Хуучин систем ажиллаж байгаа боловч 2024 оноос шинэ систем ажиллаж эхэлсэн. Учир нь аймаг орон нутгууд мэдээллээ нийгмийн даатгалын систем рүү шивээд, тухайн газрынхаа сервер дээр хадгалдаг. Тэр нь манай төв систем рүү шөнө хуулагддаг. Энэ хооронд шууд хуулагддаггүй учраас алдаа гардаг. Шинэ систем рүү шилжүүлнэ гээд сүүлийн дөрвөн жил серверүүдээ шинэчлээгүй. Мөн "IT Zone" ХХК манай яамнаас "ejob" гэх том ажил авсан боловч маш асуудалтай байгаа.
Цахимжилт явснаар хүний бүх мэдээллийг хооронд нь тулгаж явах ёстой. И-Монголиа системтэй асуудалгүй холбогддог шинэ платформтой болохоор 2016 оноос гурван жил ажлын даалгавар боловсруулсан. 2019 онд тендер зарлаж хоёр жил хийх ёстой ажлыг дөрвөн жил хийсэн ч барахгүй нөхцөл байдалтай байна. Энэ бол манай программын компаниудын хүний нөөцийн асуудал юм шиг. Хоёр жилийн өмнө хийж байсан хүмүүс нь ажлаасаа гарчихсан. Саяхан нэлээд хүмүүсийг шинээр ажилд авсан. Тэр хүмүүс нь нийгмийн даатгалын хурлын зааланд ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)