Өчигдөр оройноос орж эхэлсэн цасны улмаас зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн ноцтой осол гарчээ. Өнөөдөр өглөө 08:20 цагийн үед "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу явдаг тууш замд 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.
Тээврийн Цагдаагийн Албанаас хэргийн газрын үзлэг дууссан, явах боломжгүй тээврийн хэрэгслүүдийг ачиж, зорчих хэсгийг чөлөөлж байгаагаа мэдээлсэн юм. Мөн цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан явахыг зөвлөлөө.
Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан байдаг тул иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.