Ноолуурын үнэ дажгүй байхад Өвөрхангай аймгийн Богд сумынхан /бодоход аймагтаа хамгийн их ямаатай нь байх/ сумаараа хөдлөөд 7.0-7,5 тэрбум төгрөгийн ноолуур тушаадаг байсан тухай нутгийн уугуул иргэн саяхан нийгмийн сүлжээнд ярьсан. Тэгсэн өнөөдөр тэр мөнгө нь МАН-ын дунд тушаалын нэг авилгачин даргын гэрээс гарч ирж байх жишээний. Бүхэл бүтэн нэг сумын иргэдийн нэг жилийн орлого, жилжингээ идэх хоол, өмсөх хувцас шүү дээ. Нүүрсний 44 их наядын хулгайн тухай бүр ярихаа больё.
Дээрх жишээг татсан учир гэвэл УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгууллалтын албаны дэд дарга асан /авилгын хэргээр баривчлан саатуулагдах хүртлээ албан тушаалаа хашиж байсан/ С.Батдөлд шүүхээс найман жилийн ял оноосныг УДШ өнгөрөгч сард хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг юм. Авилгын хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэн бараг анхны цор ганц тохиолдол болох гээд байна л даа. Бусад нь тэгсгээд замхрах байх.
2016 онд МАН засаг авахад Монгол Улс авилгын индексээр дэлхийн 180 орныг жагсаахад 87-д буюу талаас урагш жагсаж байв. Гэтэл өнгөрсөн 2023 оны байдлаар 29 байр ухарч 116-р байрт жагсах болсон нь эрх баригч МАН-ын өнгөрсөн найман жилд бүтээсэн ганц үйл юм даа.
Нэг зүйлийг тодруулахад, Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас авлигын авлигын индексийг гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг судалдаг.
-Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
-Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
-Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
-Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх
-Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэт.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнгөрсөн найман жилд энэ бүх үзүүлэлтээр ухралт хийсэн гэсэн үг. Түүнээс биш, Ерөнхий сайдын хэлээд байгаа шиг 2023 оныг “Авилгатай тэмцэх жил” болгож зарласнаас болоод, авилгын олон гэмт хэргийг илрүүлснээс болоод Монгол Улс авилгын индексээр ухарчихаад байгаа юм биш. Хэрвээ тийм байсан бол “Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа” гэдэг шалгуураар ухрах байтугай урагшаа дэвшээд алга болно биз дээ.
Өчигдөрхөн нийгмийн сүлжээгээр нүүрс тээврийн машинууд БНХАУ-аас контейнерээр валют /юань/ оруулж ирсэн тухай бас л шуугиад өнгөрлөө. Улаан цайм баримттай, зураг бичлэгтэй нь нийтэлсэн энэ мэдээллийг манай тагнуул, цагдаагийнхан хоёр дахь өдрөө шалгаж байна. Цахим сүлжээн дэх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна гэдэг мэдээллийг хоёр дахь өдрөө өгч байна. Тухайн үед “Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хурааж авсан. Их хэмжээний юаньтай холбоотой асуудал нь тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй болно” гэсэн тайлбараас үзвэл оргүй зүйл биш.
Ортой байхаас аргагүй их хэмжээний бэлэн мөнгө хаанахын ямар эх сурвалжтай болохыг тайлбарлах гэж хууль хяналтынхан нэг хэсэгтээ л толгой өвдөх бололтой. Иргэдийн зүгээс энэ мөнгийг “Нүүрснийхэн нэгнийхээ мөнгийг дэлбэллээ. МАН-ын сонгуулийн мөнгө орж ирж эхэллээ” хэмээн бичиж байгаа. Нөгөө бүртгэлгүй гарсан 5,2 сая тонн нүүрсний чинь мөнгө одоо орж ирээд эхэлж байгаа юм биш үү?
Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы завсарлагаар иргэдтэй хийсэн уулзалтын бичлэг бас л нийгмийн сүлжээнд тавигдсан. Уулзалтанд ирсэн хүн бүрт дугтуйтай мөнгө тарааж байгаа бичлэг. “Энэ чинь улаан цайм авилга шүү. Сонгогчдыг мөнгөөр хахуульдаж байна. Иргэд ийм зүйлээр ирээдүйгээ худалдаж байна” гээд нийгмийн сүлжээгээр нэг шуургалаад байхад л манай АТГ бүр юу ч болоогүй юм шиг мэлрээд, нүдээ аньж, чихээ бөглөөд сууж байгаа.
Ерөнхийдөө манайд авилгатай тэмцэх тогтолцоо, хуулийн байгууллагуудын чадамж бүрмөсөн нурсны тод жишээ. Тогтолцооны орой дээр хэн сууж байна вэ гэдгийг тооцоод үзвэл буруутныг олох тийм ч хэцүү биш.
Б.ЗАЯА