Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Тэдний олонх малчин өрхийн хүүхэд. Орон нутгийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн хүүхдээ бүрэн хамруулж чадахгүй байгаа нь малчин өрхийн цэцэрлэгийн насны хүүхдүүд хоцроход хүргээд байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид тайлбарлалаа.
Энэ долоо хоногт УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д багтсан “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”-д сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг гарган иржээ. Тиймээс тулгамдсан асуудлыг бодит баримт, судалгаанд түшиглэн шийдвэр гаргагчдад танилцуулахаар Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байна.