Монголын говиос дэлхийд томд тооцогдох алт, зэсийн орд олж илрүүлсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдлаа. “Занаду майнз” компани Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын нөөцийг шинэчилж, төслийн талбайн хөрсөн дор дэлхийд томд тооцогдох алт, зэсийн ашиглаагүй орд байгааг тогтоожээ. Австралийн stockhead.com.au цахим хуудаст энэ талаар мэдээлжээ.
Ордын нөөцийг 598 сая тонн зэсийн хүдэрт агуулагдах 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алттай хэмээн тогтоожээ. Мөн 2.6 сая тонн зэсийн дагалдах металл байгаа гэнэ.
“Занаду майнз” үүний өмнө 2015 оны гуравдугаар сард ордын нөөцийг гаргаж байсан бөгөөд шинэчилсэн үнэлгээгээр зэсийн нөөц 400 хувиар, алтны нөөц 249 хувиар нэмэгдэж гарч иржээ.
“Бид хайгуулын үр дүнд маш баяртай байна. Ордын нийт нөөцөөс гадна ялангуяа ил ордын нөөц нэмэгдсэн нь уухайн ажлыг хурдан хугацаанд эхлүүлэх боломж олгож байна” гэж “Занаду майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, хармагтайн талбайн эрдэсжилт нь газрын гадаргатай маш ойр бөгөөд олборлолтыг ил уурхайн хэлбэрээр эхлүүлэх боломжтой юм байна. Одоо баттай нөөцтэй болсон учир төслийн ажлыг хурдавчлуулах, мөн профирын өөр нөөцийг илрүүлэн нийт нөөцийг нэмэгдүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгааг тэрээр цохон тэмдэглэжээ. хармагтайн ордыг зэсийн агуулгын хувьд ядуу гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Тэгвэл шинээр тогтоогдсон нөөцийн 54 са тонн хүдэр нь 0.86 хувийн агууламжтай, нийт зэсийн хүдрийн 61 хувь нь "өндөр" агууламжтай гэж тооцогдох өндөр магадлалтай гэнэ.
Дашрамд дурьдахад, дэлхийд эхний гуравт ордог гэгддэг Оюутолгойн ордын нөөцийг 2014 онд зэс 44 сая 595 мянган тн, алт 1.9 мянган тн, мөнгө 11.9 мянган тн, молибден 205 мянган тн хэмээн тогтоосон байдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн хугацаанд нийт 800 сая тонн хүдэр олборлосон, дахиад 700 сая тонн хүдрийн нөөц үлдсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн жил гарч байсан билээ.
eagle.mn