Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж, маш олон хүн хүнд гэмтэж байна.
Энэхүү дэлхийн нийтийг хамарсан эмгэнэлт явдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Ялангуяа 5-29 насны залуучууд сургууль, гэр хоорондох авто замд осол хамгийн их өртөж, хүнд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох цаашлаад зуурдаар амь насаа алдах шалтгаануудын нэг болж байгааг олон улсын байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаанд тусгажээ.
Харин манай улсад зам, тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 12 байна. Номхон далайн баруун бүсэд дунджаар 100,000 хүн амд 15,4 байдаг бол Европт 100,000 хүн амд 6,7 байна.
Дэлхийн дундаж үзүүлэлт 100,000 хүн тутамд 18 байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барих, анхаарал болгоомжгүй хандах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс үүдэн гарч байна.
Дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч JCDecaux-тай хамтран, "Saatchi&Saatchi" компанийн дэмжлэгтэйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриан дор Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлээд байна. 2030 он гэхэд зам тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой юм.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан энэхүү аян нь ирэх хоёр жилийн хугацаанд буюу 2023-2025 онд дэлхийн 80 улсын 1000 хотыг хамрах юм.
Энэхүү аяны хүрээнд дэлхийн болон үндэсний хэмжээний алдартнуудыг НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг энгийн хялбараар болон үр ашигтайгаар сурталчлах, нутагшуулах давхар зорилготой юм.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжих аяны үр дүнд зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хамгаалах бүс зүүх, тохирсон хурдаар зорчих, хамгаалалтын малгай өмсөх, жолоо барих үедээ утас ашиглахгүй байх, согтуугаар болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэрэг олон дадал хэвшлийг нийгэмд уриалж, тодорхой үр дүнд хүрэхээр зорьж байна.
Дэлхий даяар өрнөж байгаа энэ аянд нэр хүндтэй одууд болох супермодел Наоми Кэмпбелл, хөл бөмбөгийн домогт тамирчин Осман Дембеле, домогт теннисчин Новак Жокович, хөгжимчин Кайли Миноуг, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элч Мишель Йео нар нэгдээд байна.
Эх сурвалж: ЗТХЯ