Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Гурван суурьт хөтөлбөрөө Баянгол дүүргийн төрийн 700 гаруй албан хаагчдад танилцууллаа.
Баянол дүүрэг 2021, 2022 онд төв болон туслах гудамжинд нийт 29.3 км авто зам, 25,433 ам метр явган хүний зам тавьж, зөвшөөрөлгүй 1585 гарааш, төмөр чингэлэг чөлөөлөн, авто зогсоол, тохижилт, ногоон байгууламж хийжээ. Мөн дулааны шугам сүлжээг өргөтгөн, шинэчилж, хуучин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дээвэр, фасадыг солин, ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн цахилгаан шатнуудыг шинэчлэв. Түүнчлэн тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэргийг байгуулсан юм. 2023 онд эдгээр ажлаа илүү өргөжүүлэн, 34 хорооны 83 байршилд авто зам, авто зогсоол, явган хүний зам хийхээр төлөвлөсөн бөгөөд ажил 80 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Дүүргийн 26 хорооны 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж буй. Мөн хог тээврийн тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлд анхаарч, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, гэрэлтүүлэг, камержуулалт зэргийг сайжруулахаар үе шаттай олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгааг дүүргийн удирдлагууд онцолж байв.