Бидний идэх хоол, өмсөх хувцас, үйлчилгээний үнийг шатахуун тодорхойлдог. Тэгвэл шатахууны үнэ энэ онд долоон удаа нэмэгдэж бидний аягатай хоол, хувцасны шүүгээ рүү “хүйтэн хуруу”-гаа дүрлээ. Гэтэл Засгийн газар, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газраас дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн, ам.долларын ханш чангарсан, ОХУ-ын “Роснефть” компани үнэ нэмсэн тул бид яаж чадахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид дэлхийн жишигийг дагахаас өөр арга байхгүй” гэсэн билээ. Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Газрын тосны үнэ цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр шатахууны үнэ цаашид өсөх байх” гэв.
Харин яамны мэргэжилтнүүд нь “Бид шатахууны үнийг тогтворжуулах асуудлаар Засгийн газарт гурван удаа саналаа хүргүүлсэн. Яамдын саналыг нэгтгэж байгаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Нэг баррель шатахууны үнэ 85 орчим доллар болж 20 хувиар нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байхад бид эндээ үнийг тогтоон барихад хэцүү. Зах зээлийнхээ зарчмаар эрэлт нийлүүлтээрээ шийдэгдэнэ. Татварын тогтолцоогоороо шатахууны үнийг зохицуулж болно гэсэн санал гардаг. Ам.долларын өсөлт шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. Гэхдээ шатахууныг ам.доллараар худалдаж авах бус рубль болон өөр валютаар авах боломж бий эсэхийг судална” гэсэн.
Тэгэхээр энэ бүхэн “шатахууны үнийг барьж чадахгүй шүү, эртхэн “хувиа бодож довоо шарлуулцгаа” гэсэнтэй утга дүйж буй юм. Тиймээс энэ Засгийн газрыг судалдаг, ажигладаг гэж нэрлэвэл илүү зохилтой.
Хэрэв Засгийн газар ямар нэгэн зорилтот арга хэмжээ авахгүй, шатахууны үнэ дахин 15 хувиар өсвөл ДНБ-н өсөлт нэг хувиар буурах тухай эдийн засагчид хэлж байна. Нөгөө талаар шатахууны үнийн өсөлт өрхийн хэрэглээг 2.4 хувиар бууруулна гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл монголчуудын амьжиргааны төвшин энэ хэмжээгээр унана гэсэн үг.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Иргэдээс шатахууны үнэ, ханшийг шүүмжилж байгаа. Олон улсын биржүүд дээр нефтийн ханш өсч байгаатай холбоотойгоор Монгол Улсад орж ирж байгаа шатахууны үнэ нэмэгдсэн. Бид Төв банктай хамтарч шатахууны үнийг тогтворжуулах боломжуудыг судалж байна” гэлээ. Тэгэхээр 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй адил арга хэмжээ авч болох юм. Тухайн үед “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүнд нь литр шатахууны үнийг 1500 төгрөгт барьж чадсан юм. Барьж чадаад зогсохгүй шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан билээ. Шатахууны үнийг ийнхүү барьж чадсанаар монголчуудын өмсөх хувцас, идэх хоол болон бусад хэрэглээг бууруулахгүй амьжиргааны түвшинг тогтвортой байлгаж чадсан юм.
Эх сурвалж: Ардчилал таймс