x

“76 хуваах” зарчмаас татгалзаж “Бүтэн дээл” загварт шилжье

Монгол Улсын Засгийн газар  2019 оны Улсын нэгдсэн төсвийн төслөө Улсын их хуралд өргөн барилаа.

Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг ажиглаад байхад бид “тал дээлний” гэмээр хачирхалтай загвараар явж иржээ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.  Яагаад “тал дээл” гэж. Монгол Улс 76 тойрогтоо баригдаж төсвийн хөрөнгө оруулалтаа төлөвлөдөг байдлаас 76 хүүхэдтэй айлтай зүйрлэж болохоор. Аав ээж нь 76 хүүхэддээ хэр чадалдаа тааруулж ээлж дараалан дээл хийж өгөхийн оронд хүүхдүүдээ гомдоохгүйн тулд 76  өрөөл дээл эсгээд дараа жил, түүний дараа жил гэхчилэн гүйцээдэг дүр зураг төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс харагдана.

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт, төсвийн танилцуулгыг харахад хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг үр ашигтай, зайлшгүй шаардлагатай гэхчилэн тодорхой шалгуураар эрэмбэлэхгүйгээр тойрогт жигд хуваарилах хандлагаар хийдэг “соёл” олон жил тогтсоноос 10 жил дамнан баригдаж дуусаагүй барилгууд байх юм. Тэдгээрийг ажлын багтаамж, технологи, төсөвт өртгийн  хувьд олон жил дамнуулан барихаас аргагүй том төсөл болов уу гэтэл тийм биш. Тухайлбал 7,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 60 ортой Геронтологийн төвийн барилга 2011-2020 он, 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Үндэсний номын сан 2012-2020 он, 6,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Төв халх театр /Дундговь/ 2011-2020 он, 9,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй  Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр 2011-2019 он, 14,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй  Спорт цогцолбор /ЧД/ 2010-2021 он, 10,3 тэрбум төгрөгийн Спорт цогцолбор /НД/ 2010-2019, 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй  Нийслэлийн спорт цогцолбор /ХУД/ 2010-2019 он, 7,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв 2012-2019 он гэх мэт жагсаалт хөвөрнө.

Сүүлийн 2 жилийн төлөвлөлтийг харахад жилд дунджаар 1 их наяд орчим төгрөгийн төсөл арга хэмжээ, барилга байгууламж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Гэтэл төсвийн нийт зарлагын 10 орчим хувьтай дүйх хэмжээний энэ их нөөцийн төлөвлөлтийг  нийгэм эдийн засгийн үр ашгийн тооцоо  судалгаагүй, хөрөнгө оруулалтын өгөөжийг харьцуулах хувилбарт шинжилгээ хийхгүйгээр 76 тойрогт “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”  зарчмаар төлөвлөдгөөс  барилга байгууламж олон жил ашиглалтанд орохгүй царцаж,  инфляцийн нөлөөгөөр төсөвт өртөг нэмэгдэх, барилга байгууламжийн чанар муудах зэрэг эдийн засгийн алдагдлаас гадна нийгмийн үйлчилгээний асар их боломжуудаа бид алдаж байна.

Засгийн газар нийт  2,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 877 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг 2019 онд 1,2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төсвийн төсөлдөө тусгажээ. 2019 оны төсвийн  хөрөнгө оруулалтын зардлын 38 хувь нь өмнөх оноос шилжсэн,  62 хувь нь шинээр төлөвлөсөн төсөл арга хэмжээ байна.  Төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, өргөн барьсан төсвийн төслийн тайлбар танилцуулгаас харахад  дараах асуудлууд анхаарал татаж байна.

2018 онд 2,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 375 төсөл арга хэмжээ санхүүжүүлэхээр төлөвлөж байсан бол 2019 онд 2,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 877 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төсвийн  төсөлд тусгасан нь өмнөх оноос үнийн дүнгийн хувьд ойролцоо боловч төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн тоо 2,3 дахин огцом өсчээ. Гэвч олон жил сунжирсан  барилга байгууламжуудыг барьж дуусгах, хамгийн их ачаалалтай нийслэлийн сургууль цэцэрлэг, эмнэлэгийн барилгуудыг эн тэргүүнд ашиглалтанд оруулж ачааллыг бууруулах бодлого төсвийн төслөөс харагдахгүй байна. Ганцхан жишээ дурдахад нийслэлд 2018 оноос санхүүжиж эхэлсэн 6390 хүүхдийн багтаамжтай 9 сургуулийн барилгад 2019 онд 20,5 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч ашиглалтанд орохгүй дахиад 2-3 жил хүлээгдэхээр байна. Гэтэл нийслэлд 28 сургууль 3 ээлжээр хичээллэж, сургуулийн ачаалал 36,7 хувиар хэтэрсэн байдаг.

Төсвийн хөрөнгө оруулалтыг бодлого, шалгуургүйгээр сонгуулийн тойрогт жигд хуваарилах байдлаар төлөвлөдгөөс ямар их боломжоо бид алдаж байгааг Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын жишээгээр аваад үзье.

Төсвийн танилцуулгад дурдсанаар 2018 онд 15 сургууль, 6 дотуур байр, 23 цэцэрлэг ашиглалтанд орсон байна. Харин 2019 онд боловсролын салбарт 377,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт төлөвлөгдсөнөөс 206,1 тэрбум төгрөг буюу 56,1 хувь нь өмнөх оноос шилжсэн, 160,7 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу 42,5 хувь нь шинээр төлөвлөгдсөн барилга байгууламжийг санхүүжүүлэхэд зориулагдаж байна. Харин 2019 онд яг хэдэн сургууль, цэцэрлэг, дотуур байр ашиглалтанд орох , сургалтын бааз суурийн хүчин чадал хэдэн хувиар нэмэгдэх үр дүнгийн үзүүлэлт төсвийн танилцуулгаас харагдахгүй байна.  

2019 онд нийт 117 сургуулийн барилга, өргөтгөлд зориулж 175,5 тэрбум төгрөг төсөвлөснөөс шинээр 39 сургуулийн барилга, 10 спорт заал барихаар  68,8 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Үүнээс 10 спорт заал, нэг бага сургууль  тухайн ондоо бүрэн санхүүжихээр байгаа юм.  Харин 38 сургуулийн барилга 2020 он дамжин санхүүжих ба 2019 ондоо ашиглалтанд орох боломжгүй гэсэн үг. 38 сургуулийн шав тавьж, он дамжуулан царцаах 59,3 тэрбум төгрөгөөр 1 суудлын дундаж төсөвт өртгөөр тооцвол 7700 хүүхдийн суудлаар 2019 онд  сургуулийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд үр ашгийг эн тэргүүнд тавьдаггүй, тойрогт жигд хүртээх бодлогоор ханддагаас тухайн төсвийн жилдээ нэмээд 7700 суудлаар хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжоо бид алдаж байна.

Барилгын хөгжлийн төвөөс 2015 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд сургуулийн насны 505,3 мянган хүүхэд бүртгэлтэй байсан бол суурилагдсан хүчин чадал 358,9 мянган хүүхдийн багтаамжтай байсан байна. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн ачаалал 40,7 хувиар хэтэрсэн гэсэн үг юм. Байдал ийм байхад бид байгаа боломжиндоо тааруулан төлөвлөж цөөн ч гэсэн сургууль богино хугацаанд бүрэн ашиглалтанд оруулахын оронд сонгуулийн тойрог, гишүүдийн хүслийн жагсаалтад захирагдаж санхүүгийн нөөцөө Монголын өргөн уудам нутгаар нэг тараан байршуулж хэдэн жил дамнуулан царцаасаар суугаа нь хэтэрхий цамаан хэрэг. Хаа сайгүй ханагүй суурь, дээвэргүй хана, дэд бүтэц шугам сүлжээгүй барилга байшин. Энэ дүр төрхийг харахаар үр ашгаас илүү шав тавихад анхаараад байна уу гэмээр.

Мөн 29,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 22 дотуур байр шинээр төлөвлөж, 2019 онд 17,0 тэрбумын санхүүжилт хийх юм байна.  Төлөвлөгдсөн 22 дотуур байрнаас 5 байр бүрэн санхүүжиж, 17 байрны барилгыг хагас санхүүжүүлж  2020 оны төсөвт  шилжүүлснээр 12 тэрбум төгрөг он дамжин царцах болж байна. Санхүүгийн нөөцийг тарамдуулахгүйгээр нэн шаардлагатайгаар эрэмбэлж ондоо багтаан ашиглалтанд оруулах нөхцлөөр төлөвлөсөн бол 9 суманд 900 гаран хүүхэд 2019 онд багтаж дотуур байраар хангагдах боломжтой байна. Үлдсэн сумдад 2020 онд мөн бүрэн санхүүжилтээр төлөвлөсөн бол нийгмийн үр ашиг нь илүү юм.

2015 онд хийсэн дээрхи судалгаагаар Монгол Улсад цэцэрлэгийн насныхан 271 мянга байсан бол 113 мянган хүүхэд хүлээн авах хүчин чадал суурилагдсан байжээ. Энэ нь нийт хүүхдийн 42 хувийг хамруулах боломжтой, цаана нь 158 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэсэн үг. Гэтэл 2019 оны төсвийн төсөлд 7140 ортой 81,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 59 цэцэрлэгийн барилга шинээр жагсааж, 3310 суудал бүхий 27 цэцэрлэгийн барилгыг бүрэн санхүүжүүлж, 32 барилгыг 2020 он дамнуулан барьж гүйцээхээр төлөвлөжээ. Хэрвээ хөрөнгө оруулалтын төлөвлөлтөө  үр ашигтай байх загвараар  хийсэн бол  нэмээд 2750 хүүхдийг ирэх онд цэцэрлэгтэй болгох боломж байлаа.

Ийнхүү  хөрөнгө оруулалтын төлөвлөлт нөгөө л “тойрогт хуваарилах” хандлагаар хийгдсэнээс нийт төсөвт өртгийн 75,6 хувийн санхүүжилтээр төлөвлөгдсөн хүчин чадлын 46,3 хувийг ашиглалтанд оруулахаар байгаа нь нийгмийн хувьд “алдагдсан боломж” юм.

Энд зөвхөн боловсролын салбарын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтыг авч үзсэн ба энэ мэтчилэн 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд нарийвчилсан шинжилгээ хийж үзвэл бид санхүүгийн хомсхон нөөцөө төлөвлөлтийн бодлогын алдаанаас болж үр ашиг муутай зарцуулж, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээ дээшлүүлэх чамлахааргүй их боломжоо алдаж байгаа нь харагдана. 

Төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дорвитой сайжруулах, санхүүгийн хомсхон нөөцөө дээд зэргээр үр ашигтай ашиглахын тулд төсвийн хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтөд зарчмын тодорхой шинэчлэлийг цаг алдалгүй хийх асуудал тулгамдаж байна. Хамгийн том зарчмын шинэчлэл бол төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх одоогийн “тойрогт хуваах” загвараас татгалзаж “бүтэн дээл” загварт шилжих шийдэл юм. Өөрөөр хэлбэл “төсөл хамгийн богино хугацаанд ашиглалтанд орж үйлчилгээнд хувирах” шаардлага бүхий загвараар төлөвлөлт хийх зарчмыг Төсвийн тухай хуулинд тусгах, түүнд нийцүүлэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашгийг үнэлэх, сонгох  аргачлал боловсруулж мөрдөх, төсөл бэлтгэх, үнэлэх, хянах, хэрэгжүүлэх үр дүнтэй механизмыг бүрдүүлэх зэрэг бодлогын шийдлүүдийг санал болгож байна. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, улс орны хөгжлийн асуудлыг зохистой шийдэхийн тулд Монгол Улсын одоогийн засаг захиргааны нэгж болон сонгуулийн тойргийн асуудлыг эргэн харж, зоригтой шийдэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.

Эдийн засагч, судлаач Н.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 54 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 9 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 26 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 8 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 18 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top