Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний нэг нь “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлэх ажил юм.
“Өвлийн хүлэмжийн аж ахуй төсөл”-ийг эхлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгалаа.
Мөн жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтөд хамаарах дээд хязгаарыг 1 м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр боллоо.
Төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуйнууд байгуулж, жилд 6450 тонн хүнсний ногоо тарьж нийлүүлэх бөгөөд импорт 70 гаруй хувь буурна гэж тооцоолжээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 24,9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хот, Төв аймгийн сумдын нутагт байна. 81 иргэн, аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ.