Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг чангатгана гэдгээ мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг хуулийн заалтыг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг, иргэдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох хууль болж байна" гэдгийг тодотгож Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлсэн юм.
Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ.
Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид "Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн гэдэг нь биднийг, жирийн иргэдийг хэлээд байна. Тэр дундаа сэтгүүлчдийг энэ зүйл ангиар яллах гэж байна" гэж ойлгоод олон нийтэд андуу ташаа ойлголт төрүүлсэн байна. Үүнийг буруутгахгүй.
Хууль, Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй. Гэхдээ энэ нь сэтгүүлчид, жирийн иргэдэд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.