Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хотын даргад томилогдохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзсаныг өнөөдрийн чуулганаар ийн ёсоор болгов.
Энэ үеэр Хотын шинэ дзарга Х.Нямбаатар "Миний бие хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Сонгинохайрханчууддаа баярлалаа. Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг албан тушаалыг хавсран гүйцэтгэж ирлээ.
Энэ хугацаанд 100 орчим хуулийн төслийг санаачлах болон хамтарсан баг ахалж, ажлын хэсэгт орж ажилласан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажилласан. Хамтран зүтгэж байсан журмын нөхдөдөө талархал илэрхийлье.
Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана. УИХ, Засгийн газрын зүгээс бидний оруулж ирэх шинэчлэлийн бодлогыг цаг алдалгүй дэмжиж өгөхийг хүсье" гэсэн юм.
Чуулганы дараа Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлан, тамгыг гардуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар улс төрийн өндөр итгэл хүлээлгэн Хотын даргаар томилсонд талархан, нийслэлийн тулгамдсан асуудлыг сонгуулийн мөчлөгт захирагдалгүй шийдэхийн төлөө НИТХ, НЗДТГ, УИХ, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ингэснээр тэрээр Улаанбаатар хотын 36 дахь дарга боллоо.
Сэтгэгдэл (1)