УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцэн, нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудал сөхөгдөж, Нийслэлийн Засаг дарга болон асуудал эрхэлсэн сайд нь албан тушаалаа өгсөн. Хэрэг сөхөгдсөн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоогоор хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг “Ногоон автобус”-ны хэргээр 13 хүнийг мөрдөн шалгаж байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг боллоо. Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллана” гэсэн.
Мөн өнгөрсөн амралтын өдөр НЗДТГ-аас “ногоон автобус”-ны худалдан авалттай холбоотой материалыг нуун дарагдуулж, авч гарахыг завдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлыг хуулийн байгууллагаас хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин