Европын холбооны санхүүжилттэйгээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны санаачилгаар хэрэгжиж эхэлж буй “Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Энэхүү төслийн хэрэгжилттэй холбогдуулж ХЗДХЯ болон Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллага төслийг хамтран хэрэгжүүлэх Санамж бичиг байгуулав.
Төслийн гол зорилго нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институцийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршино.
Энэхүү төслийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах чиглэлээр оролцогч талууд хамтран ажиллана гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.