Чингис хаан үндэсний музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6.3 метр өргөн, 7 метр урттай Чингис хааны шүтээн барималыг суурилуулахаар болсон байна.
Заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй бөгөөд баримлыг бүтээж дууссанаар есдүгээр давхарт "Ёслол хүндэтгэлийн танхим" үүд хаалгаа нээх гэнэ.
Мөн үүнээс гадна эртний нийслэл Хархорумд сүндэрлэж байсан "Мөнгөн мод"-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20 дугаар зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8х8 метр хэмжээтэй сүмийн хийцлэл хийх, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтрыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж байгаа аж.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгаж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа арваннэгдүгээр сарын 14-ний өдөр музейг нээх аж.
Чингис хаан үндэсний музей сарын хугацаанд буюу энэ сарын 9-нөөс ирэх сарын 14-нийг хүртэл ажиллахгүй.