Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багт 2023 оны аравдугаар сарын 2-ны үүрийн 04:00 цагийн үед хотоо эргэхээр гарсан малчин эмэгтэйг чоно ноцжээ.
Болсон явдлын талаар Баянцагаан багийн малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Тэрээр "Үүрээр 04:00 цагийн үед ноход хуцаж, боргох чимээнээр би сэрсэн. Манайх сувай малаа голынхоо урд талд хотлуулдаг юм. Намайг гарахад хотондоо байсан мал үргээд бүр урд талын өндөр хамар дээр гарчихсан байсан. Би малаа хотонд нь тууж оруулчихаад гэр рүүгээ орох гээд явж байлаа. Гэтэл саалийн ямаагаа хашдаг хашаанаас хэдэн ямаа гарчихсан, сувай мал руу явж харагдсан. Би тэднийг эргүүлэхийг оролдсон боловч нэлээд үргэсэн байртай, надад хашигдаагүй. Ямаагаа буцааж чадаагүй болохоор хашаа руу нь явлаа. Бараг тэнд байсан 200 орчим ямаа бүгд хашаанаас гарчихсан байхаар нь за за өглөө болъё доо гэж бодож зогстол гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн. Яг л миний өөдөөс эгц тулчихсан. Өдөр шиг сартай шөнө байсан болохоор араа соёо нь арзгар залуу чоно шиг харагдсан. Би ч их балмагдсан.
Зүүн гараараа овоон дээрээс нь барьж дараад цээжин дээр нь суусан. Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн. Шар, шар хийсэн чимээ гарч байсан. Тэр үед энэ ч намайг гаргүй болгочихлоо доо гэсэн бодол төрж байлаа. Тэгээд ямар ч л байсан амьд гарах юмсан гэж бодоод баруун гараараа багалзуурыг нь шахсан. Хяхтнаад дуугарч байгаад жаахан муужирсан бололтой байна. Тухайн үед хоолойг нь боочихмоор санагдаж байсан ч боох нарийн юм байгаагүй. Өөрийнхөө сахиусыг таслаад уях гэсэн боловч хоолойд нь ч хүрээгүй. Харж байтал хажууд том чулуу үзэгдсэн. Түүнийг аваад ам руу нь хийсэн. Түүний дараа би жаахан тайвшраад, сэхээ авсан байх. Сарьсан хоншоор руу нь цохидог юм гэнэ лээ гэж дуулсан болохоор дахиад нэг урт чулуу авсан. Хазуулсан гараараа хэсэг хугацаанд хоншоорыг нь цохисон. Нэлээд цохисны дараа нөгөө чоно чимээ алдраад, гулжийсан юм болсон. Тэгсэн ч би шууд босож явж чадаагүй. "Долоон гол"-той байдаг юм гэсэн, үхээгүй гэж бодоод хэсэг суусан. Энэ хооронд хазуулсан гараас цус гоожоод бүр болохоо байлаа. Тэгээд л эргэж харан, харан гэрийнхээ зүг рүү гүйсэн" гэж ярилаа.
Малын хашаа нь гэрээсээ зайтай, тэгээд ч шөнө байсан болохоор гэрийнхэн нь түүний дуудахыг сонсоогүй байна. Гэртээ орж ирсэн даруйдаа тэрбээр утсаа авч, сүлжээтэй газарт очоод сумынхаа эмнэлэгт дуудлага өгчээ.
Сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлгийнхэн ирж, цаг алдалгүй тусламж үзүүлсэн тухай тэрбээр хуучиллаа.
Бид Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Бүрэнбаясахтай утсаар холбогдож тодруулахад малчин эмэгтэй рүү дайрсан чоно галзуу өвчин туссан болох нь батлагдсан байна.
Галзуу өвчин байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд чоно, үнэг зэрэг зэрлэг махчин амьтдын дунд эргэлддэг ч мал өвчилсөн тохиолдол цөөнгүй байдаг юм. Тус аймгийн хувьд галзуу өвчний голомтот бүс нутагт хамаардаг, жилд 30-100 тохиолдол бүртгэгдэх явдал ч байдаг аж.
Он гарсаар Говь-Алтай аймагт галзуу өвчний 28 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг ЭНД-ээс үзээрэй!