Өнгөрөгч долдугаар сард /2023.07.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан, яруу найрагч Ц.Хулан, "Сажа Бандидын Номын Хүрдэн" хийдийн тэргүүн Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл "гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан" гэм буруутайд тооцож, Ц.Хуланд 9,5 жил, Б.Отгонбаатарт 8 жил хорих ял оногдуулсан. Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бөгөөд,
-Шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулин ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар,
-Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухай анхан шатны шүүхээс мэдээлсэн.
Түүнчлэн шүүгдэгч нарыг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238,683,390 төгрөг авсан болох нь тогтоогдсон хэмээн үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159,753, 220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно.