Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо.
Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метр, явган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлнэ.
Хуучин гүүрний хувьд 1968 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Өдгөө 55 дахь жилдээ ашиглаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байжээ. Сүүлийн 10 гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг ийн шийдэж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэнэ. Мөн Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөж буй.
Шинэ гүүрийг үндэсний компаниуд есөн сарын турш байгуулсан. Өмнө нь бид гуравдагч орны тусламжтайгаар гүүрэн байгууламж барьдаг байсан бол анх удаа үндэсний компани богино хугацаанд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэсэн" гэв.
Гүйцэтгэгч "ЗМЗ" ХХК-ийн захирал Д.Ганбаатар "Цаг агаарын нөхцөл байдлаас буюу их хэмжээний усархаг борооноос үүдсэн үерийн улмаас бүтээн байгуулалтын ажил сар гаруйн хугацаанд зогссон. Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Харин уснаас дээш 24 метрийн урттай, 60-70 тонн бүхий олон дам нуруунуудыг 100 тонны хоёр кранаар угсардаг. Бүтээн байгуулалтад манай компанийн 60-70 хүнтэй баг, инженер техникийн ажилтан 17 жижиг, том техниктэйгээр ээлжгүй ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй, цаашид ногоон байгууламж, тохижилтыг хийхээр ажиллаж байна" гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн авто замын түгжрэлийг бууруулах болон авто зам тээврийн асуудал хариуцсан зөвлөх Б.Одсүрэн "Одоогийн байдлаар Улаанбаатар хотод долоон гүүр баригдаж байгаа бөгөөд эхнээсээ ийн ашиглалтад орж байна. Энэ гүүр Хотын төвөөс Зайсан руу явдаг гол замын нэг, маш их ачаалалтай байсан. Зам дөрвөн эгнээ явж байгаад гүүрэн дээр хоёр эгнээ болдог тул зорчих хөдөлгөөн удааширдаг байлаа. Шинэ гүүр ашиглалтад орсноор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна" хэмээн ярилаа.