"Найман ишиг"-ний хэрэг гэх тодотголтой малын хулгайн хэрэг цахим орчинд хүмүүсийн анхаарал татаж, давж заалдах шатны шүүх хурал шууд дамжуулагдаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, шүүгчдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал долдугаар сарын 24-ний өдөр болж шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гарган суллахаар болсон.
Тэгвэл тус хэргийг шүүх анхан шатны шүүх хурлын тов гарчээ.
Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Б.Даариймаа, Ц.Төмөр нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх аравдугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон байна.
Эргэн сануулахад, шүүгчдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хурлаар шүүгдэгч Л.Гэрэлзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Төмөрт хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Б.Даариймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ удаад Б.Даариймаа нь мөн шүүгдэхээр шүүх хурал товлогджээ.