Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхан танилцуулав.
Нийслэлийн боловсролын газраас сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийжээ. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна, цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа гэв.
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сургалтын 81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 удаа дээж авсан. Дээжүүдийг лабораторид хүргүүлж, 56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байгаа. Үүнээс түрээсийн гал тогоотой 18, зориулалтын гал тогоогүй 31 сургууль бий. Сургуулиудад боловсон хүчин болон тоног төхөөрөмж дутагдалтай дүгнэлт гарсан. Энэ онд 6,381 хүүхдийн хүчин чадалтай 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төв ашиглалтад орсон гэв.
Түүнчлэн сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгожээ.