"Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны гишүүн, 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаар өнөөдөр мэдээлэв. Ажил хаялт зарлах болсон шалтгааныг багш нар багшийн цалингаар амьдрах боломжгүй байгаатай холбон тайлбарлав.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар:
-Бид есдүгээр сарын 11-нд Боловсролын, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хөдөлмөрийн хуулийн дагуу мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд Монголын багш нар улс орны хэмжээнд ажил хаялт зарлана. Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлсэн.
Бид дараах үндсэн санал, шаардлага хүргүүлж байна.
- Багшийн цалинг ойрын гурван жилийн дотор 1,000 долларт хүргэе. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалинг доллартой харьцуулбал огт өсөөгүй. Ердөө 300 долларт эргэлдэж ирсэн. Салбарын сайдын хэлээд байгаа 2.5 саяыг багш нар авдаггүй.
- Багш нар энэ сараас 1,273,000 төгрөг авна. Татвар суутгагдсанаар 800-900 мянгын цалингаар багшийн ажил хийх ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай Вьетнамд хүртэл багшийн цалин 800 долларт хүрсэн байх жишээний.
Багш нар дараах шаардлагыг дэвшүүлж байна.
- 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Ингэж нэмэгдвэл хоёр сая төгрөгийн босго давна.
- Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг, цэвэрхэн тохилог байдлыг хангахын төлөө ажилладаг үйлчлэгч, жижүүр, манаач, тогооч зэрэг үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгийн цалин авдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч өөрийгөө болон гэр бүлээ хүний зэрэгтээ авч явахуйц цалин хөлс авах эрхтэй. Гэвч боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгөөр хүн шиг амьдрах ямар ч боломжгүй болоод байна.
- Ерөнхий Боловсролын Сургуулиудын багш нар анги удирдсаны нэмэгдэл гэж 10-хан хувийг авдаг. Өөрөөр хэлбэл 100 орчим мянган төгрөг авч байна. Гэтэл анги удирдсан багш нар маш ачаалалттай ажиллаж, сургууль дээр таны хүүхдийн гол асран хамгаалагч болдог. Үүнийг хүүхдийн тоотой уялдуулж, сурагч тутамд нэг хувиар олгодог байх шаардлагыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 20 хүүхэдтэй ангийн багш 20 хувь, 30 хүүхэдтэй ангийн багш 30 хувийн нэмэгдэл авдаг, шударга, зөв зарчим руу явъя.
- Цэцэрлэгийн багш нарт анги удирдсан буюу бүлэг удирдсаны нэмэгдэл гэж байдаггүй. Хүүхдийг тань өдөржин харж, анхаарч, асарч бөөцийлж амьдралынх нь зөв дадал хэвшлийг олгож байгаа цэцэрлэгийн багш нарт бүлэг удирдсаны нэмэгдэл олгодог болгох хэрэгтэй.
Багш нар ажил хаялтыг өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа. Манай гишүүн сургуулиуд болон бусад сургууль өнөөдрөөс хурлаа хийж эхэлнэ. Хөдөлмөрийн хуулийн дагуу тав хоногийн өмнө мэдэгдлээ өгөх ёстой. Урьдчилсан төлөвөөр 160 орчим сургууль ажил хаяна. Үүний 30 гаруй нь хотын сургууль, үлдсэн нь 21 аймагт ажил хаялт зарлана.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа:
-Би боловсролын байгууллагад 36 дахь жилдээ багшилж байна. 2017 оноос хойш багшийн цалинг нэмэгдүүлээч гээд тэмцэж эхэлсэн. Зургаан жил болоход 608,000 төгрөгийн цалин авдаг байснаа энэ сараас 1,273,000 төгрөг авахаар болж байна. Бүх нэмэгдлээ авсан ч багшийн хамгийн дээд цалин 2,500,000 төгрөг буюу БШУ-ны сайдын хэлсэнд хүрдэггүй.
Хүүхдийн тоо 40-өөс дээш давчихсан, анги дүүргэлттэй, сурагчид нь хоёр жил коронавирустэй холбоотой хичээлийн хоцрогдолтой байгаа тохиолдолд ямар ч багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 95 хувийн үзүүлэлттэй гарч чадахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 хувь авдгийг 50 хувь болгож байгаа гэж БШУ-ны сайд хэлсэн. Шулуухан хэлэхэд энэ 50 хувийг багш нар авах боломжгүй.
Тиймээс багш нарыг гудамжинд гаргаад, ажил хаялт хийлгээд, хүний хүүхдүүдийг хохироогоод байлгүйгээр үндсэн цалинг нь нэмэх л шаардлага тавьж байна. Аар саархан ийм тийм юмны нэмэгдэл гэдгээр аргацаагаад нэмсэн юм шиг харагддаг. Нэмэгдлийг нь бүх багш авдаггүй. Багшийн цалингаар амьдрахад үнэхээр хүнд байна. Багш нарын амьдралыг ингэж дор оруулснаас л өнөөдөр тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа л нэм, өөр ямар ч аргацаах юм байхгүй.
19 дүгээр сургуулийн англи хэлний багш н. Болор-Эрдэнэ:
-Миний хувьд татвараа төлөөд 800-900 мянган төгрөг гар дээрээ авдаг. Сая гаргаж авдаггүй. Ийм цалингаар яаж амьдраад, хүүхдүүдээ тэжээж, хооллох явах юм бэ. Багш нар бол хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс. Энд цөөн багш ирсэн байгааг анзаараад хараарай. Бүгдээрээ ирвэл тэнд хүүхдүүд хохирох гээд байна.