Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн осол гарчээ. "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. Ослын улмаас 12 настай охин ослын газарт амиа алдаж, 13 настай охин гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглахгүй байх, сургуулийн орчинд болон явган гарцтай замын хэсэгт анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцож зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)