Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг Өмнөд Солонгосын "KBS" телевиз зургадугаар сард анх мэдээлж байсан билээ.
Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүх хурал болж, Л.Мөнхбат бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийн Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүхээс Л.Мөнхбатад холбогдох шүүх хурлыг есдүгээр сард үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж, түүнд таван жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн түүнийг бэлгийн хүчирхийллийн эсрэг сургалтад хамруулах шийдвэр гаргажээ.
Эргэн сануулахад, хохирогч 20 гаруй насны эмэгтэй бөгөөд Монгол Улсын иргэн юм. Тухайн үед Чежү аралд дахь ажлын айлчлалын орчуулагчаар ажиллаж байжээ. Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч, улмаар дээрх хэрэг гарчээ.
Сэтгэгдэл (1)