Манай улс ирэх онд Франц улсад болох зуны олимпын наадамд "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэл үүсээд байгаа талаар мэдээллүүд гарсаар байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "WADA-г төлөөлөн ажилладаг Допингийн Эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаа ямар түвшинд байгаа учраас сүүлийн жилүүдэд нөхцөл байдал хүндрээд байгааг сонсож танилцсан.
Допингийн эсрэг олон улсын байгууллага, түүний салбарыг хэрэгжүүлэн Монгол Улсад ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар Засгийн газар, Олимпын хороо оролцох боломжгүй. Дүрэм нь тийм. Монгол Улсыг төлөөлж, олон улсын байгууллагын гишүүн болсон MONADA нь шинжилгээ авах явцаа олон улсын жишигт хүргэх үүрэгтэй байдаг. Энэ талаар мэдээлэл Засгийн газарт хангалттай хэмжээнд байдаггүй.
Засгийн газар, салбарыг хариуцаж байгаа сайд, Олимпын хорооны зүгээс энэ асуудалд орж, тулгараад байгаа эрсдэлийг арилгах ёстой гэсэн байр сууринаас хандсан боловч дүрмээрээ хязгаарлагдмал юм байна.
Иймд Засгийн газар асуудлыг сонсож танилцсаны үр дүнд Ерөнхий сайд чиглэл өгч, надаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Одоо яаралтай хуралдах гэж байгаа. Учир нь энэ сарын 22-нд WADA-гийн Зөвлөлийн хурал болно. Хурлаар Монгол Улсад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч хэлэлцэн, дүнгээ тавина. Хэрэв хангалтгүй гэж үзвэл ирэх жил Монгол Улс олимпт "Цагаан туг"-тай оролцох эрсдэл учирлаа гэх нөхцөл дээр ирсэн.
Допингийн Эсрэг Үндэсний Хорооны өр төлбөр 800 сая төгрөгийг Засгийн газраас өмнө нь төлж байсан. Гэвч зөрчлөө засаж залруулаагүйгээс дахин шаардлага ирсэн. Уг асуудлыг Засгийн газар өмнүүр нь орж шийдэх боломжгүй. Түүнчлэн татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэрийг манай Засгийн газар гаргах боломжгүй. Допингийн эсрэг үндэсний хороог Ж.Хатанбаатар тэргүүлдэг.
Допингийн эсрэг үндэсний төвд уулзах хүсэлт гаргана. Хүсэлт тавих шалтгаан нь Засгийн газар шууд оролцох боломжгүй. Хоёрдугаарт спорт, биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд маань сайд болсон цагаасаа хойш энэ асуудлаар уулзах санал хүсэлт тавиад холбогдож чаддаггүй. Хамгийн сүүлд гуравдугаар сард холбогдоод, өнөөдрийг хүртэл дахин холбогдож чадаагүй байна. Ийм л хүндрэл бэрхшээлийн дунд Засгийн газар, допингийн асуудал ороод байна" гэв.
Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа энэхүү нөхцөл байдлын тухай мэдээлэл сонсож, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Мөн цаашид нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсоод шаардлагатай бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн түвшинд танилцуулахаар төлөвлөсөн байна.