Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар ажиллаж буй тухай Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав энэ сарын 10-ны өдөр мэдээлж байсан билээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан нарын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл тайлбарлагч С.Шижирбат Монгол Улс 2024 оны Олимпод цагаан туг дор орж болзошгүй байгаа талаар цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрээр "Өнгөрсөн 8 сард Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч, тус хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь 9 сарын 22-ноор дуусах нь.
Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй, Монголын төрийн далбаа олимпын үеэр олимпын тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсэж мэдэхээр болжээ.
Хэний үед ийм юм болов гэвэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпод орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бат-Эрдэнэ, Баттүшиг нарт үүрэг өгч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн, юу хүлээгээд хугацаа алдаад байна. Вадагийн 2 төлөөлөгч ирэхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болгосон. Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байна даа.
Монголын үндэсний олимпын хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1-т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч. Мөн уг дүрмийн 20.4.18-д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий. Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой.
Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яачихваа.
2024 оны 1 сарын 1-нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай. Хасчихвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана" гэжээ.