Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож дэлхийн аваргатай боллоо.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон юм.
Дэслэгч Б.Анхзаяа нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ба айлын ууган охин. Хүндийн өргөлтийн спортоор 8 жил хичээллэж байгаад 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ.
Тэрээр саяхан Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Дэслэгч Б.Анхзаяа "Спортоор хичээллэх хамгийн сайхан. Энэ спортоор хичээллэснээр тэсвэр тэвчээр, эрүүл бие, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гээд олон давуу талтай. Энэ хүртэл маш урт замыг туулсан. Тийм ч амар байсангүй ээ. Шантрах өдөр ч цөөнгүй байсан бөгөөд өдөр бүрийн бэлтгэл дээр гарсан хөлс бүхэн надад үнэ цэнтэй. Дасгалжуулагч багш нартаа, баг, хамт олондоо, хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Гир өргөсөөр байгаад гарын алга эр хүний гараас дутахааргүй эвэршсэн хүнд харуулахаас л ичдэг. Гэхдээ би дэлхийн аварга болж чадлаа. Цаашдаа улам их хичээх болно оо" гэсэн юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб