Нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна.
Шүүх хуралдааны завсарлагын үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлгийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Яллагдагчаар татагдсан 11 хүн тус бүрдээ зүйл заалттай байгаа. Тэр бүрийг хамт уншиж байгаа учир надтай холбоотой гэж ойлгож болохгүй.
Урьдчилсан хэлэлцүүлэг нээлттэй болох учраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулах байх. Миний зүгээс хуульд хүлээсэн үүргийн дагуу ард иргэдэд мэдээллийг тодорхой хэмжээнд өгөх боломжтой.
Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй заалт байгаа.
Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг.
Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Гэхдээ үүнийг шударгаар шийдэгдэнэ гэж үзээд хуулийн байгууллагад иргэний ёсоор шалгуулаад явж байгаа.
Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн бол шалгуулах л хэрэгтэй. Би ч гэсэн шалгуулах гээд явж байна. Намайг авлига авсан гэх үндэслэлээр хангалттай шалгасан. Ямар нэгэн зүйл илрээгүй.
Миний ажлын албанд байсан хүмүүсийг 24 цаг хянан гэж байхгүй. Тэр хүмүүс хаана ажиллах нь өөрсдийнх нь асуудал. Хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй. Тухайн үед ТББ-д ажиллаж байсан хүмүүс асуудалд холбогдсон эсэхийг шүүх эцэслэн тогтооно.
Би Ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Харин намынхантайгаа уулзах боломж хязгаарлагдмал. Аж ахуйн байгууламжийг найзуудынхаа хамт, хүч хөдөлмөрөөрөө байгуулсан.
Намайг өнгөрсөн 10 сарын хугацаанд хэвлэл мэдээллээр зохион байгуулалтайгаар харлуулах ажил явж байгаа. Үүнийг бодит нүүрсний хэргийг замхруулах, шүүх шийдчихлээ гэх байдлаар зарим этгээд хариуцлагаас мултрах гэж байна.
Оффтек гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно.
Би Тавантолгойн компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Нүүрсний сонсгол дээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргана” хэмээн ярилаа.