“Хүннү молл” орчмын автобусны буудлын нэгдүгээр эгнээтэй холбоотой асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
-Наадамчдын өргөн чөлөөний буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг тусгаарласнаас хойш хотоос гарах хөдөлгөөн түгжирдэг боллоо гэх иргэдийн гомдол байна. Хот руу орох хөдөлгөөнийг тусгаарлаад, гарах хөдөлгөөнийг нь тусгаарлахгүй орхиж болохгүй юу?
-Замын хөдөлгөөний удирдлагын төв болон нийтийн тээврийн газар холбогдох газрууд тооцоолол хийсэн.Тээврийн хэрэгслийн зорчих урсгалд анхаарал тавиагүй. Бид нийтийн тээврийн зорчих урсгал дээр тодорхой ачаалал өгч байгаа. Ямар нэгэн байдлаар нэгдүгээр эгнээнд өөрчлөлт хийгээгүй байхад хөдөлгөөн маш их нэмэгдсэн байна. Энэ байдал нь өглөө, оройн ачаалалд хоёр талынхаа урсгалд хоёуланд нь нэмэгдэнэ.
Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн түгжирнэ. Наадамчдын өргөн чөлөөний 7.3 км замаар нийтийн тээврээр зорчоорой гэж хэлье.
-Нэгдүгээр эгнээний хаалт тавьснаас хойш хэд хэдэн осол гараад байна. Хаалтын үнэ хэд вэ?
-Өмнөх нь 11,300 метрийг 900 гаруй сая төгрөгөөр хаалт авсан байсан. Нэг нь 3.5 метрийн урттай бөгөөд салгаж болдгоор авсан. Өмнө нь автобус эвдрээд зогсоход үргэлжилсэн урттай байсан болохоор гаргаж чаддаггүй хүндрэл байсан.
Одоогийн тусгаарласан хаалт 12,700 метрийн урттай бөгөөд 950 сая гаруй төгрөгийн өртөгтэй. Улаанбаатар зам засвар арчилгааны газар хийсэн. Наадамчдын өргөн чөлөө дээр 3,000 метрийг тавьсан. Наадамчдын өргөн чөлөө гэдэг нь Яармагийн гүүрнээс баруун тийш буюу Чингис хаан нисэх онгоцны буудал хүртэлх зам юм.