“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг есдүгээр сарын 08-10-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний хөх нуурын орчимд зохион байгуулжээ.
Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас шалгарсан шилдэг 817 залуу офицер оролцсон бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 148 офицер амжилттай хамрагдсан байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой. Удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал” гэдгийг онцолж байв.
Уг чуулганыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 43 ажил арга хэмжээ төлөвлөж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлсний нэг нь “Шилдэг офицер-2023” уралдаан байв.
Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, бие бялдрын хөгжил, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвар, гадаад хэлний болон цэргийн хэргийн мэдлэг зэрэг өргөн хүрээг хамарсан удирдамж бүхий энэ уралдаанд байгууллага бүрээс шалгарсан шилдэг 80 офицерыг манлайлан эрэгтэй, эмэгтэй төрөлд “Тэргүүн байр” эзэлсэн Зэвсэгт хүчний ахмад Г.Жавхлантөгс, ахмад Н.Дэлгэрмаа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүрийг энэ үеэр гардуулан өгсөн юм.
Энэ нь залуу офицеруудын нийгмийн хамгааллыг бодитой дэмжих замаар ажил албандаа хандах хандлага, урам зориг, албаараа бахархах итгэл үнэмшлийг төрүүлсэн үйл явдал болов.
Мөн дээрх чуулганаар
- “Залуу офицеруудын манлайлал, хөгжил, нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг
- “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын хөгжил ба манлайлал” нэгдсэн илтгэл
- “Залуу офицеруудын нийгмийн асуудал, манлайлал, хөгжлийн талаарх социологийн судалгааны дүн”-г танилцуулан дэд чуулган болон эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, дүгнэлт, уриалгыг удирдлагуудад гардууллаа.
Эх сурвалж: ЦЕГ