“Ахилис Монгол” ОУБ, Ариг банк хамтран зохион байгуулж буй “Итгэл, найдвар, боломж-УБ” бүх нийтийн марафон гүйлтийг энэ сарын 16-ны өдөр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна.
“Ахиллис Монгол” ОУБ 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэхийг нь дэмжсэн хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлсээр ирсний томоохон хэсэг нь “Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар” марафон гүйлт юм.
2015 оноос хойш жил бүрийн 9-р сард зохион байгуулдаг “Итгэл, найдвар, боломж” бүх нийтийн гүйлт нь олон нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой.
Статистик мэдээллээр Монгол улсад 130,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нь маш цөөхөн хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл хүмүүстэй нэг гараанаас гарган тэгш оролцуулдаг олон нийтэд үзүүлэх үр нөлөө, ач холбогдол өндөртэй энэхүү гүйлтийн арга хэмжээ нь 2015 оноос хойш биетээр нийт 6 удаа, цар тахлын жилүүдэд цахимаар 2 удаа тасралтгүй зохион байгуулагдаж, 20 гаруй мянган хүн оролцож, 1500 гаруй сайн дурынхан ажиллаж, 250 гаруй ивээн тэтгэгч хамтран ажиллажээ.
Гүйлтэд оролцохыг хүссэн хүн бүр “Ахилис Монгол ОУБ”-ын Ариг банкан дахь 2102981809 данс болон achilles.hipay.mn сайтаар гүйлтийн хураамжийг төлж, Ариг банкны Улсын их дэлгүүр, Баянзүрх, Хороолол салбарууд, болон “Ахилис Монгол ОУБ”-ын байрнаас гүйлтийн дугаараа авна.