БГД-ийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн өнөөдөр (2023.08.17) тохижилт үйлчилгээ, хүнс худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ болон нийгмийн халамжийн чиглэлээр дүүргийн 22, 27, 29-р хорооны иргэдтэй батлагдсан хуваарийн дагуу уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд болон Иргэдэд үйлчлэх төвийн алба хаагчид оролцлоо. Иргэдтэй хийх уулзалтын үеэр зарим хорооны иргэд олон жил хөөцөлдөөд шийдвэрлэж чадаагүй асуудлыг дүүргийн зүгээс шийдвэрлэж өгсөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Тухайлбал, дүүргийн 27-р хороо, Гаалийн 5-р байрны оршин суугч, өндөр настан Ч.Жагаа өөрийн амьдардаг байрны дээврийг олон жил засаагүйн улмаас бороо орсон үед их хэмжээний дусаал гоождог байсан. Энэ асуудлаар сүүлийн 10-аад жил дүүргийн дарга нар болон холбогдох газарт хандсан ч шийдвэрлэж өгөөгүй. Харин энэ жил дүүргийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан засварлаж өгөхөөр болсонд оршин суугчдынхаа өмнөөс талархаж байна гэсэн юм.
Мөн дүүргийн 22-р хорооны иргэн Н.Баттулга эхнэр болон 13-15 насны хоёр хүүхдийнхээ хамт айлын гэрт амьдардаг. Гэр нь шатсаны улмаас орон гэргүй болсон. Өөрөө хоёр ч удаа харвалт өгсөн тул ажил хийх боломжгүй, гэр бүлийнх нь хүн ганцаараа ажил хийдэг. Иймд өөрсдийн гэсэн орон гэртээ болоход тусална уу гэсэн бол 29-р хорооны иргэн Д.Урантөгс өөрийн эрхэлдэг үйлчилгээний байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж холбогдох зөвшөөрлийг өгнө үү гэсэн юм.
Дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн иргэдийн санал хүсэлтийг сонссоны дараа холбогдох мэргэжилтнүүдэд иргэдийн ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажиллахыг үүрэг болголоо.