Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн ХҮРЭЛСҮХ сар шинийн босгон дээр 100-аас дээш насны ахмадуудад гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай. Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмадууддаа хүргүүлсэн цагаан сарын мэндчилгээ, гарын бэлгийг дүүргийнхээ хамгийн өндөр буюу 100-аас дээш настай ахмадуудынхаа төлөөлөлд гардуулан өглөө.
Баянгол дүүрэгт 100 дээш настай 10 гаруй ахмад настан оршин суудаг бөгөөд тэднийхээ төлөөлөл болгон дүүргийнхээ хамгийн өндөр настан болох 6-р хорооны оршин суугч, 103 настай Ж.Нямдарь гуайтай уулзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа. Ж.Нямдарь гуай Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул. 20 настайдаа цэрэгт татагдан нутгаасаа гарч 1945 оны Халх голын дайнд оролцсон Ахмад дайчин юм.
Энэ тухайгаа Ж.Нямдарь гуай 1945 оны Халх голын дайнд оролцох үеэрээ их бууны офицер болсон. Улмаар Намын дээд сургууль төгсөн Намын төв хороо, Аж үйлдвэрийн комбинат гээд улсад 60 гаруй жил ажилласан хэмээгээд улс эх орныхоо төлөө олон ажил санаачлан хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж буйгаа уламжилж өгөхийг хүссэн юм.
Мөн дүүргийнхээ 4-р хорооны өндөр настан Б.Намнан, 6-р хорооны өндөр настан Ц.Дулам гуайтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа.
Манай дүүргийн 4-р хорооны өндөр настан Б.Намнан гуай Завхан аймгийн Тосонцэнгэл уугуул бөгөөд залуудаа мал маллаж байсан. Хүүгээ цэрэгт татагдахад нь Улаанбаатар хотод ирсэн. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн азай буурал юм.
Түүнчлэн дүүргийнхээ нэгдүгээр хорооны өндөр настан С.Жигмэдсүрэн гуайд мөн хүндэтгэл үзүүлж Монгол Улсын төрийн тэргүүний бэлгийг гардуулан өглөө. Өдгөө 100 насыг зооглоод буй С.Жигмэдсүрэн гуай Завхан аймгийн уугуул. Багш мэргэжилтэй. Багшийн сургууль, МУИС, Москва хотод тусгай курс, Удирдах ажилтны дээд курсийг тус тус төгссөн. 1940-1957 онд бага сургуулийн багш, захирал, гэгээрлийн байцаагчаар, 1962 онд Шинжлэх ухааны академи, Үндэсний архивт судлагч орчуулагч, 1964-1988 онд НАХЯ, Хилийн цэргийн 14, 20-р отрядуудад тусгай ангийн дарга, монгол бичгийн багшаар ажиллаж байсан. Улсад нийтдээ 65 жил ажилласан. Үүнээс 46 жил нь багшлахдаа 40100 хүнд монгол бичиг заасан хэмээн хуучилсан юм. Мөн эрдэмтдийн захиалгаар 100 гаруй хэвлэлийн хуудас, манж хэл дээрх ном орчуулсан бол эрдэм шинжилгээ, судалгааны 20 гаруй ном бүтээн туурвисан байна.