Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгээр энэхүү төсөл Баянгол дүүрэгт хэрэгжиж, долоон автобус өгснийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Аж ахуйн албаны дарга Ц.Энх-Амгалан болон холбогдох албаны бусад хүмүүс сургуулийн захирлуудад (2023.02.10) хүлээлгэн өглөө.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, сурагчдыг гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “СУРГУУЛИЙН АВТОБУС” төслийг манай дүүрэгт хэрэгжүүлэхэд дэмжсэн, хамтран ажилласан холбогдох бүх шатны байгууллагууддаа талархал илэрхийлье” гэсэн юм.
Сургуулийн автобуснууд сар шинийн баярын дараагаас эхлэн 7 чиглэлд гэр-сургууль гэсэн маршрутаар хүүхэд багачуудад үйлчилнэ. Тухайлбал, хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль чиглэлд нэг сургуулийн автобус үйлчлэх бол "Эрин хороолол", "Хар хорин", "Өнөр" хорооллоос Эрдмийн өргөө сургуульд сурдаг сурагчдад нэг автобус үйлчилнэ. Мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид маань эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж байна.
Баянгол дүүргийн хувьд байшин хороолол зонхилсон төвийн дүүрэг бөгөөд хамран сурах тойрог зэргийг харгалзан өмнө нь энэ төсөл хараахан хэрэгжээгүй байсан юм. Улмаар сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлын хүрээнд холбогдох газруудад хүсэлт тавьснаар “Сургуулийн автобус” төсөл хэрэгжихээр болж байна. Мөн дээрх чиглэлүүдэд судалгаа хийхэд 11 сургуулийн 4900 гаруй сурагч нийтийн тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр гэр-сургууль чиглэлд зорчдог. Үүнээс хичээлийн 1,2 дугаар ээлжид бага ангийн 2250, дунд ангийн 1800 гаруй сурагч зорчиж байна гэсэн судалгаа гарсан юм.