Монголын үндэсний бөхийн холбооноос Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт мэдэгдэл хүргүүллээ. Учир нь О.Амгаланбаатар дарга захирамж гаргаж, "Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой Говь-Алтай аймгийн цол олгох хүчит 256 бөхийн барилдааныг есдүгээр сарын 9-ний өдөр Алтай хотод зохион байгуулахаар болсон билээ.
Харин үүнийг Монголын үндэсний бөхийн холбоо эсэргүүцэж мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд,
"2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын А/485 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гарчээ. Уг захирамжаар Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн цол олгох барилдааныг зохион байгуулах болон бусад асуудлуудыг баталсан байна.
МҮБХ-ны зүгээс бөхийн цол олгохтой холбоотойгоор дараах мэдэгдлийг хүргүүлж байна.
Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой харилцаа нь 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр шинэчлэн батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-аар зохицуулагдана.
Тус хуулийн 5-р зүйлийн 5.2-т:
“Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.” гэж заасан ба онцгой нөхцөл байдал байгаа бол энэ хугацааг хойшлуулж болох, тэрхүү хугацаа нь 8-р сарын 10-ны өдрөөс хойш хэтэрч болохгүйг тодорхой заажээ.
Энэ хүрээнд Говь-Алтай аймаг нь Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой тохион буйг онцгой нөхцөл байдал гэж үзэж, Үндэсний их баяр наадмыг аймгийн хэмжээнд долоодугаар сарын 10-11-нээс өөр өдөр буюу наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулсан байна.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д аймгийн баяр наадмыг жилд хэд хэдэн удаа зохион байгуулах талаар зохицуулаагүй. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх үндсэн зарчимтай тул та дахин Ардын хувьсгалын 102 жилийн ойн наадмыг зохион байгуулах, түүнд цол олгох бөхийн барилдаан барилдуулах боломжгүй юм.
Иймд МҮБХ нь таны захирамжид дурдсан “цол олгох барилдаан”-ыг дэмжихгүй, барилдаан зохион байгуулж, бөхчүүдэд цол, чимэг олгосон ч түүнийг цол, эрэмбэнд тооцохгүй болохоо үүгээр албан ёсоор урьдчилан мэдэгдье.
Нийт бөхчүүдийн хувьд тодорхойгүй байдал бий болохоос сэргийлж, энэхүү мэдэгдлийг урьдчилан гаргаж байгаа болно.
Жич: МҮБХ-ноос орон нутагт зохион байгуулах, хуульд нийцсэн ямар ч төрлийн барилдаанд хамтран ажиллах бүрэн боломжтой" хэмээжээ.